“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай асуудлыг эсэргүүцэн тус компанийн ажилчин, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан хэрэг оны өмнө гарсан. Уг хэрэг гарсн дараа Уул уурхайн сайд Р.Жигжид болон “Таван толгойн” удирдлагууд хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлэл өгсөн билээ. Мөн тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүртэл холбогдох албаныханд үүрэг даалгавар өгч байсан. Ингэхдээ тэрбээр С.Эрдэнийн биеийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгож, эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн юм.

Тухайн үед Засгийн газар болон “Эрдэнэс таван толгой” С.Эрдэнийн эмчилгээний зардалыг бүрэн хариуцаж, солонгост эмчлүүлнэ гэж байсан боловч төлбөрийг нь өгөөгүй байгаа юм байна. Тодруулбал түүний эмчилгээний зардал 130 гаруй сая вон болсон байхад төлбөр хийгээгүй учраас эмнэлгийн зүгээс түүний эмчилгээг зогсоогоод өнөөдөртэй 9 хонож байгаа ажээ. Мөн өмнө нь эмчлүүлсэн төлбөрөө төлөөгүй нөхцөлд шүүхэд шилжүүлнэ хэмээн Солонгсын эмнэлгээс мэдэгджээ. Харин “Эрдэнэс таван толгой” ХХК түүнд оны өмнө 30 сая вон шилжүүлээд дахин холбоо бариагүй гэнэ.