Монголын улстөрд “элсний-13” киноны гуравдугаар анги үргэлжлэх бололтой. Гэхдээ хэний захиалгаар юуны төлөө?

Тэртээ 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрхийг барьж байхад голдуу хөдөөнөөс сонгогдсон гишүүд тэргүүтэй 13 хүн эвлэлдэж сөрөг хүчин болох МАН-тай хавсайдан Засгийн газраа ээлж дарааллан унагаж байсан. Төрийн тогтворгүй байдал, хямрал хүндрэлийн гол бурууг тэдэнтэй холбох нь их. Одоо тэднээс хэн нь ч улстөрд карьергүй. Энэ тухай нийтлэлч Баабар Тэднийг дэмжиж эрхлүүлэх тусам зан нь огцом хувирч байв. Бизнес эрхэлдэг, амьдралд хэдийнэ хөлөө олчихсон бусад зарим гишүүдтэй тэд юун түрүүн мөчөөрхөж эхэлсэн юм. Зурагт, гар утас төдийхнөөр манийгаа хуурчихаад өөрснөө аль л өрөмтэй өөхтэй хэсгийг нь түүж байна гэсэн хардлагатай болсонд байв. Банк, пиво, худалдаа, ноолуурын чиглэлээр бизнестэй гишүүдийг энэ салбараа дагнаад өмчилчихсөн гэж ойлгоод өөрсдөдөө аль нэг салбарыг хуваарилахыг шууд тулгадаг боллоо. "Аятайхан эвээр ярилцаад сектор сектороор нь хэрүүл амгүй хуваагаад авъя!" гэсэн хачирхам санал улаан цагаангvй хэлж байсан юм. Удалгvй тэд улаан шантаажчин болж мэргэшив” хэмээн дурссан байдаг. Үнэхээр тэдний Монголын төрд учруулсан гай түүтгэрийн хариуг ард түмэн 2000 оны сонгуулиар хангалттай барьсан билээ.

Удаах “элсний-13” МАН-ын дотор намаа шинэчлэх зорилгоор байгуулагдсан байдаг. Боловсрол, мэдлэг, ёс суртахууны хувьд тэднийг анхдугаар дүрийнхэнтэй харьцуулашгүй. Л.Одончимэд, Ц.Шаравдорж, Т.Ганди, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Д.Арвин, Д.Одбаяр, Р.Нямсүрэн, Ц.Мөнх-Оргил, А.Цанжид, Ч.Авдай Т.Очирхүү, Л.Пүрэвдорж нарын 13 гишүүн нэгдэж намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг тусгаарлаж намаа сонгуульд амжилттай оролцуулах бэлтгэлийг базаах ёстой гэсэн санаачлагыг гаргасан ч энэ нь намын дарга, Ерөнхий сайдыг хамтад нь огцруулахад хүрч М.Энхболдыг С.Баяраар сольсон байдаг. Харин Ерөнхий сайд намын дарга болсон С.Баяр хүч тамир нь хариагүй М.Энхболдын фракцыг элгэндээ нааснаар “элсний-13”-г эргэж намнах ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Тэднийг урвагч, шарвагчдаар нь цоллож буланд шахах ажлыг хотынхон бүхэлд нь зохион байгуулсаны үр дүнд олонхи нь карьергүй хоцорчээ. Тэднийг бүхэлдээ шуналын сав байсан гэж дүгнэж болохгүй. Зорилгоо биелүүлээд зарчмаа дагаад явсан нь цөөнгүй. ХаринД.Арвин АН-д орсон, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намаа хагалж Н.Энхбаярыг дагасан угшил чухам энэ үеэс эхтэй. Хоёрдугаар дүрийн “элсний-13” -ийн үр хөврөл нь өнөөдрийн МАХН болоод шударга ёс бүлгийнхэн юм. Эрх мэдлийн тэнцвэрийг олоод голлочихсон тэд шантааж, сүрдүүлгээр хэрхэн таргалж болдогийг яруу тодоор харуулж яваа.

Энэ үйл явдлаас есөн жилийн дараа уг нэршил дахин олны дунд яригдах боллоо. Тодруулбал,
"Элсний 13"-ын гуравдугаар дүр тодорч эхлэв. Энэ удаа МАН дотроос 13 хүн Г.Уянгатай нийлж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг өргөн барилаа. Хэвлэлийнхэн тэднийг "Уянгын 13" гэж нэрлэж байна.

 

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Энэ асуудал бол үнэндээ МАН-ынхны хийж байгаа ажил. Г.Уянгын даашины даашинзны хормойд чирэгдэж, асуудлаа ярьж байгаа хэрэг юм" хэмээн хэлсэн. Энэ нь МАН-ын 13 гишүүнийг "Уянгынх" тодотголтой болгов.

 

Хамгийн сүүлд "Уянгын 13" буюу МАН-ын бүлгийн 13 гишүүн огцруулах үндэслэл, түүнд дурдсан Оюутолгойн гэрээний талаар сайн мэдээлэлгүй, уншиж, судлах шаардлагатай байгаа гэв. МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах тухай өмнө нь хэлэлцэж байгаагүй бөгөөд гишүүн тус бүртээ өөр, өөр үндэслэлээр гарын үсгээ зурсан болж таарсан. МАН-ын бүлэг энэ тухай саналаа ТУөрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэлж, ажлын тав хоногийн завсарлага аваад байна. Тэдний завсарлага авсан үндэслэл ийм ч үндсэндээ хүсэн, хүлээсэн улс төр нь замхрах гээд буй учир цаг сунгасан нь энэ юм. Уул уурхай мэтийн мөнгө дагасан эрх ашгийг тойрч арван гурвуулаа нэгдэнэ. Утааны асуудлаар тэгж нэгддэг болоосой. Хамтлагийн бүрэлдэхүүний нийтлэг шинж нь уул уурхайг эсэргүүцэгч байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй.

 

Хамгийн ноцтой нь энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх уг асуудлаас болж гадаадын хэд, хэдэн орноос татах хөрөнгө оруулалт зогсоод байгаа юм. Манай улс төрчдийг хэдэн 7 хоногоор хэрэлдэн сунжралдаж байх хооронд Монгол руу орж ирэх мөнгө хаагдсаар байгаа нь харамсалтай.

 

Харин элснийхэн буюу "Уянгын 13" энэ бүх асуудлаар сюрприз бэлдсээр. Ч.Сайханбилэгийн Засгийг газар эдийн засгаа хөдөлгөх гол найдвар болсон ашигт малтмалын тухай хууль, шинээр ордуудыг ашиглаж эхлэх зөвшөөрлөө сөрөг хүчнээс гадна "Уянгынхнаас" авах ёстой болох нь. Уянгынхан чухам юу сэдэж, юу нэхэх нь олны гайхшралыг төрүүлнэ. Ямартай ч Засаг огцруулж тоглох тоглоомоос түмэн олон залхаж байна. Улс төр тойрсон улиг болсон жүжиг харж суухын оронд сэтгэл санаа амар сайхан шинэчилчихээр л байна шүү дээ.

Т.Хулан

http://www.24tsag.mn