Хүн амын тоо сая хүрсэн хотыг саятан гэж нэрлэдэг. Гэтэл саятан хотын гэр хороололд амьдарч буй иргэдийн 86 хувь нь ядууралтай гэсэн шинэхэн судалгаа гарсан нь харамсалтай.

Саяхан болсон "Улаанбатар худалдан авалт 2016” уулзалтын үеэр хотын дарга хэлэв. Түүний өгүүлсэн энэ судалгаагаар 50 гаруй мянган иргэн ажилгүй болсон байна. Нэг өрхийг дунджаар гурван ам бүлтэй гэж тооцвол 150 мянган иргэн орлогын эх үүсвэрээ алджээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.4 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа юм. Хамгийн гол нь эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалт 2010, 2011 онтой харьцуулхад найм дахин буурчээ. Үүнийг дагаад бизнесийн үйл ажиллагаа хумигдсан. Албан байгууллагууд ажилчдаа цомхотгосон. Гэтэл 2015 оны эцэст статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 126.5 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагийн 64.3 мянган буюу 50.8 хувь нь үйл ажиллагааг явуулж байгаа юм. Үүнээс үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 82.8 хувь нь 1-9 ажиллагчидтай, 7.6 хувь нь 10-19 ажиллагчидтай, 6.0 хувь нь 20-49 ажиллагчидтай, 3.7 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай байгаа юм. Энэхүү үзүүлтээс харахад бага хүчээр их ажил амжуулдаг байгууллагууд нэмэгдсэнийг харж болно.

Тэгвэл энэ онд Хөдөлмөрийн яамнаас ажил хайч байгаа иргэдийн дахин мэргэшлүүлэн ажлыг байранд зуучлах бол гадаадаас ажиллах хүч авч буй аж ахуйн нэгж байгууллагуудад гадаад ажилтнуудыг дагалдуулан монголчуудыг сургаж дадлагажуулах, үйлдвэрлэл дээрх сургалт хэлбэрээр гэрээ хийж ажиллуулахаар салбарынхантайгаа тохирсон байна. Угаасаа хөдөлмөрийн зах зээл дээр сүүлийн хэдэн жил мэргэжилтэй ажилтны эрэлт хамгийн их байгаа аж. Иймээс ажилгүй иргэдээ дахин мэргэшүүлэснээр ажлыг байрыг нэмэгдүүлэх гарц үлдэж байгаа юм.

Т.Буянаа