Хувь заяа нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй Ч.Сайханбилэг дөнгөж Ерөнхий сайд болмогцоо “Эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг” хэмээн хэлж байсан. Тэгвэл түүний толгойлсон Засгийн газрын үед манай улсын эдийн засаг зургаан сар л тогтвортой байв. Энэ нь МАН-ынхан засагт хамтарсан үе л дээ. Харамсалтай нь АН-ынхан эдийн засаг тогтвортой, сэхэх маягтай байсанд залхаж эхэлсэн үү яасан, МАН-ыг засгаасаа хөөж орхисон. Улмаар АН 2012 оны сонгуульд хэдэн суудал илүү авсныхаа “хэргийг гаргаж” Монгол Улсын эдийн засгийг элгээр нь мөлхүүлэх “холын зайн марафон”-д уралдацгаасан юм. Тэрхүү “марафон”-ы салхийг эхлээд Н.Алтанхуяг авч явсан боловч бариандаа хүрэлгүй тэмцээнээ дуусгасан. Дараагаар нь Ч.Сайханбилэг салхийг авч явах болсон билээ. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас харах юм бол Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцорч мэдэхээр байна. Түүнийг огцруулах ажиллагааг удирдаж буй хүн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Гардан гүйцэтгэгч нь “Шонхор”-ын толгойлогч, АН-ын дарга З.Энхболд. Туслан гүйцэтгэгчээр нь мэдээж сөрөг хүчин буюу МАН-ынхан. Харин Ч.Сайханбилэгийг далдуур дэмжиж, хажуу хавирганаас нь түшиж байгаа хүн бол “Шударга ёс” эвслийн бүлгийн “загалмайлсан эцэг”, МАХН-ын дарга Н.Энхбаяр. Хэрэв Ч.Сайханбилэг уналгүй үлдэж чадвал Н.Энхбаярын “туйл”-ын хүсэл биелж Шадар сайд болно. Унавал мэдээж “туйл”-ын хүсэл нь үл биелнэ. Үүнээс үзэхэд Н.Энхбаяр гэдэг хүнд улс орны эрх ашиг огт хамаагүй. Өөрөө л болж байвал бусад нь яах вэ гэдэг үзэл эндээс нэвт ханхална. Харамсалтай нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Ч.Сайханбилэгийгээ унагахаар шийдчихсэн гэнэ. Тэрбээр “утсан хүүхэлдэй”-н Ерөнхий сайдын дэргэд УИХ-ын дарга, намын дарга том байдаг гэдгийг Ч.Сайханбилэгт харуулна гэнэ. Мөн Үндэсний зөвлөлдөх хороогоор намын даргын суудал авахыг санаархсаны хариуг З.Энхболд ингэж барина. Бас нэг шалтгаан нь Ч.Сайханбилэг сөрөг хүчин байтугай намын нөхөд, даргатайгаа зөвлөлгүйгээр олон улсаас 850 сая ам.долларын бонд босгох гэж байсан нь “илэрсэн”. Монгол Улсад өр ихэдсэн үү болохоос багадаагүй. Тэгээд ч шалан дээр унасан эдийн засгийг өр тавьж босгодоггүйг олон улсын жишээ бидэнд бэлхнээ харуулсан. Хамгийн ойрын жишээ гэхэд л Грек улс байна. АН-ын лидерүүдийн нэг, хотын дарга Э.Бат-Үүл “Монгол Улс удахгүй Грекийн араас орно” гэж дээхнэ хэлж байсан санагдана. Хэрэв өрөө зузаалаад байвал дахиж сэхэхээргүй мөхөл рүүгээ мөлхөж мэднэ шүү дээ, Ерөнхий сайд аа. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа Ерөнхий сайд маань нэгэнт огцрохоо мэдээд олон улсын зах зээл дээр нууцаар бонд босгож, түүнээсээ “хусах” гэсэн юм биш биз. Ямар ч байсан “Эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг” биш “Өр зээл, өр зээл бас дахин өр зээл” гэсэн зарчмаар ажиллаж байгаа Ерөнхий сайдыг огцруулах нь ард түмэнд ээлтэй. Цаашлаад эрх баригчдын буянаар дааж давшгүй өртэй болсон Монгол Улс тусгаар тогтнолоо алдаж мэдэхээр болоод байна. Ч.Сайханбилэгийг огцруулж дориухан эдийн засагчийг Ерөнхий сайдаар тавихгүй бол АН-ын дампуу “марафон” дуусахгүй бололтой.

С.БУЯН

zaluu.com