Н.Алтанхуягийн Засгийн газар савлаж эхэлж байхад Н.Энхбаяр эх орондоо яаруухан ирээд АН-тай гэрээ үзэглэж байлаа. Хожмоо засаг унасны гол буруутанг Н.Энхбаяр гэх дөхөөд нэг намжсан.

 

 

Гахайлтай хурдан баталсан гэрээ нь төсөл байсан болж хувираад АН-ыг алах шахсан хүнээр Н.Энхбаярыг нэрлэж аваад МАН-тай сайндаж засаг эвлүүлсэн. Ингээд ч Н.Энхбаяр моодноос гараагүй.

 

Н.Энхбаяр дахиад ирэв. Өршөөлийн хуулийн төсөл гараас гарахад уралдах мэт ирсэн тул дахиад л анхаарлын төвд орж явчихсан. Энэ хүнийг зүгээр ирсэн ч “өшөөгөө авахаар ирсэн” гэж ярьж бичих тул улс төрд хадны мангаа болсон шахуу. Шинэ засагтаа ханийн халамжаа чамалсан АН-ынхан МАН-ыгаа засгаас тийрч явуулаад эргээд Н.Энхбаяртайгаа тусдаа өрөөнд цай ууж засгаа эмхлэх хэрэгтэй болов. Тухайлан яам тамга тасалж өгөв. Тэглээ гээд төрийн ажил муудсан сайдсан гэж дүгнэх нь эрт байна. Гэхдээ ипотек унавал З.Баянсэлэнгэ биш Н.Энхбаярын л гай болох учиртай нэг ужиг тооцоо яваад байгаа нь харагддаг. Утаа багасаагүйн буруутан бол Н.Батцэрэг сайд болох ч юм уу.

 

Хавар болно. Н.Энхбаяр нь дахиад л ирнэ. Тэгчих гээд байна. Ингэж хорлочих гээд байна гээд эхлэх биз. Ер нь бол хоёр толгой болоод МАНАН татсан улс төрөөс иргэд залхаад байгаа тул бурууг чихэх гуравдагч муу улстөрчийн хэрэгцээ улам бүр л эрэлттэй болоод байгаа юм. Энэ дүрийг Н.Энхбаярт байнга хуваарилсаар 4 жилийг үдсэн байна.

 

Нэг хүнд гол дүрээ өгсөөр байгаад өөрсдөө туслах дүр болчих ч тал мэдрэгдсэн байх. Хамгийн сүүлд Н.Энхбаяр Сөүл рүүгээ явжээ гэж нэг шуугиулж аваад хөөрхийг хэсэг орхилоо.

 

Одоо төрийг ажил хийлгэдэггүй, хөрөнгө оруулалт гацаасан шинэ дүр хэрэгтэй. Үүнд бие даагч гишүүдийг нэрлэс хийгээд эзнээ олж төвдөхгүй яваад байсан.

 

Улс төрийн тайван бус байдлыг байнга өдөөдөг, алхсан газраас нь хэрүүл хагарлын цав гардаг шахуу болгоод байгаа Н.Энхбаярын дүрээс иргэд залхсан тул орлуулах хөгжлийн тушаа, хоосон шүүмжлэгч, төлөвшөөгүй зэргээр арай зөөлөн буулттай унагаах нэр бүхий дүр тооцоонд нь бий болоод ирлээ. Энэ бол С.Ганбаатар, түүний удирдах болсон ХҮН. Бие даагч байхад нь тэгсгээд харзнаад байсан энэ нөхөр намын дарга болсноор төрийг тайван байлгахгүй байх гуравдагч дүрээр 100 хувь тодорч байх шиг байна. Гуравдагч хүчний зайд хөл тавихыг оролдсон гэдэг “зэм”-ээр энэ нөхрийг ажил явуулдаггүй “ТОП ПОП”-чин төдийгүй, улс төрд өнгөлзсөн том баячуудын “төлөвшөөгүй” намын толгойлогч гэх салхи хэвлэл мэдээллийн төлбөртэй индэрийн зүгээс сэвэлзээд эхэлжээ.

 

Н.Энхбаяр гэдэг улстөрчийг нийгмийн дайсан болгох хэцүү. Хутганыхаа ирнээс атгасантай адил гэнэ. Цаадах нь нөлөөгөө алдах яагаа ч үгүй.

 

Буруу улс төр л энэ улсыг нь идээд байгааг мэдэх болсон иргэдэд Н.Энхбаяраар дагнаж улс төрийн тогтворгүй байдлаа өмгөөлөх нь явцгүй болсон. Тэгэх бүрт нь түүний имиж тодроод байгаа хэрэг. Тэгээд ч сайн муу ч эвсээд сууж байна. Гай болтлоо одоохондоо хол. Харин тэндээс нийгмийн дэмжлэг авахдаа гаргуун босоо, чигээрээ зэрэг хочтой нэг нөхөр нам толгойлоод даналзаад эхэллээ. Авилгын загалмайлсан эцэг гэдэг шиг С.Ганбаатарт нэг нэр хоч эртнээс бэлдсэн нь ПОП -чин гэдэг нэр.

 

ПОП-ын тухайд хадуурахад бол энэ үгийг монголд буулгасан болоод утга төгс хэрэгжүүлсэн нь хоёр том нам шүү дээ. Залуу гэр бүлд 500 мянга, шинэ төрсөн хүүхдэд 100 мянга зэрэг нь ПОП биш “бодлого” байсан л гэх байх. Энэ бодлогын үрээр цаасан дээр нэг эхнэр нөхөртэй амьдрал дээр бас нэг гэр бүлтэй яваа залуус цөөнгүй л бий. 500 мянгын төлөө бий болсон гэр бүлээс төрсөн хүүхдүүдийг яриад яахав. 100 мянгын бодлогын сайн үр дагавар гэж бодьё.

 

Гол асуудалдаа ороход чулуугаа сайн нүүлгэх самбар нь Н.Энхбаяр биш болжээ. АН дотроо ээлжит муу дүрд Х.Баттулгыгаа нэрлэчих гээд байгаа ч энэ нь хэтэрвэл арай ёс зүйгүй намд нь халтай болох тул дэврээхгүй байна. Харин өнөөх С.Ганбаатар бол яг тохироод ирж байна.

 

ХҮН-ын дарга боллоо гэдэг нь жижигхэн хашилтад ганц нэг сайтаар харагдаад өнгөрсөн бол “Ганбаатар: Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэдэг нь томоос том гарчигтай нийтлэгдэж хэвлэл мэдээллээр үржих мэт тараагдав. Яагаад ийш нь чулуу нүүлгэх болсноо давхар хэлж буй хэрэг л дээ. Үүгээр гуравдагч дүр буюу бурууд чулуу нүүлгүүлж байх ХҮН самбарыг босгох ажил улс төрийн нарийн тооцоогоор эхэлж байгаа нь харагдана. МАН, АН хоёр хоорондоо ана мана үзэж байлаа ч байрыг нь булаацалдах улстөрч, нам хүчин гараад ирвэл хоёулаа нийлээд чулуугаа тэр зүгт нүүлгээд эхлэх юм. Хамгийн сүүлчийн арга өрсөлдөгчөө хэрэг төвөгт татах хүртлээ сонгуулийн тэмцэл манайд наанаа соёлтой үзэж буй мэт харагддаг. Үнэндээ асар бохир.

 

Бидний жиших дуртай барууны оронд улс төрийн соёлын том илрэл нь шинэ хүчин улстөрчдийг ярих дуугарах боломж олгож, иргэддээ хэрэгтэй бодлого хөтөлбөрөө бариад эрх тэгш орчинд шударга өрсөлдөхийг ил далдаар хавчаад байхгүйг хэлнэ. Манай хоёр том бол орос школоор “май” гэх шинжтэй.

 

Сонгуулийн хуулиараа бие даах дэвшигчдийг нам хааж авсан. Гэтэл өнөөдүүл нь нэг гарц олоод НАМ бариад авлаа. Нэгэнт төр засаг эвээ олохгүй иргэдээ хөлдөө чирээд байхад шүүмжлэх нь зайлшгүй. Үүнийг нь үгүйсгэл ба хийрхэл болгох. ПОП-чдын тухай том нийтлэл бичих юм бол бараг шууд зарагдахаар байна.

 

Мөнхрөх биш дээ энэ хэдэн улстөрч. Монголоо бодож байгаа гэдэгт үнэндээ эргэлзэхэд хүргэж байна. Ардчиллынхаа амин сүнс олон ургалч үзэл санаа бодлыг ил хаахгүй ч далд дарах зүсэн бүрийн технологийг тун сайн монголчилж чаджээ.

 

Одоогийн өрнөлөөр харах юм бол шинэ хүчин бусад намууд төрийн ажлыг тушигч ПОП-чин болчихгүйн тулд шүүмжлэхгүй, амлахгүй, жагсахгүй туйлын даруухан өрсөлдөх буюу тун өвөрмөц сонгуулийн тактик боловсруулах хэрэгтэй болж байна. Бас 20 хүрэхгүй хоногт тойргийг өмчилсөн акулуудыг давж өөрсдийгөө таниулах тактик, үүнийгээ хэрэгжүүлэх хөрөнгө мөнгө босгох ёстой болно.

 

Хуулиар шинэ хүн гарах боломжийг нь хааж болох ч сонгогчийн үзэгтэй гарыг мушгиад зуруулахгүй тул яаж ч эргэж мэдэх айдас хоёр томд байна. Энэ дэлсээгээ дарах валидол нь олон ПОП-чдыг тодруулах, нийгэмд шинэ Н.Энхбаяр төрүүлэх юм уу даа.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/