Өнгөрсөн долоо хоногт Швейцарийн Давос хотноо болсон “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт”-ын үеэр Монгол улсыг онигоогоо чирсэн талаар Германы сэтгүүлч өөрийн цахим хуудаснаа онцолжээ. Olaf Gersemann гэх сэтгүүлч нь эдийн засгийн чиглэлээр бичдэг сонины эрхлэгч бөгөөд тэрбээр “Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хамгийн ихээр царай алдан мөнгө гуйж явсан улс нь Монгол байсан” хэмээн бичжээ.

Үүнээс үзвэл сая болж өнгөрсөн дэлхийн эдийн засгийн чуулганы хуралдааны үеэр тус арга хэмжээнд оролцсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй албаныхан бусад улсаас мөнгө гуйж, зээл хөөцөлдөж явсан байх нь. Аргагүй юм. Өнөөдөр улсын төсөв бараг улайчихсан хаанаас, яаж мөнгө олох аргыг Засгийн газар өдөр, шөнөгүй ярьж байна. Тиймээс ч ичих, эмээхийг мартаж олон улсын эдийн засгийн чуулганы үеэр хүртэл мөнгө гуйж явж.

 

Сүүлийн өдрүүдэд Засгийн газар асар их хэмжээний зээлийг авахаар хөөцөлдөж байгаад бүтэлгүйтсэн нь тодорхой болоод байгаа. Тодруулбал, “Мазаалай” бонд гарган зээл авахаар бэлтгэж байсан аж. Нью-Йорк, Лондонгийн олон улсын санхүүгийн зах зээлээс босгохоор бэлтгэсэн бондЕрөнхий сайдыг огцруулах тогтоолын сургаар гацаанд орсон гэж АН-ын зарим гишүүд ярьж байна. Одоогийн нөхцөлд бонд гаргавал эрсдэлтэй учир 600 сая долларын зээлийг 16 хувь хүртэлх хүүтэй авах сураг байна. Мөн ОХУ-аас нэхэж эхэлсэн их өрийн үлдэгдэл гэх 3.8 сая доллар байгаа. Үүнийг хаанаас, яаж олох вэ гэх мэт олон асуудал Засгийн газрын өмнө тулаад байна. Энэ мэт олон асуудлаар Сангийн сайд Б.Болор гадагшаа явах сураг байна. Түүнээс өмнө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт тэргүүтэй хүмүүс гаднаас мөнгө зээлэхээр яваад бараг сар болж байгаа аж. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал бас мөнгөний эрэлд морджээ. Өөрөөр хэлбэл мөнгө санхүү барьдаг Монголын нөлөө бүхий хүмүүс бүгд гадаадад бадар барихаар явж байна. Тэд хэд хэдэн газраар орж эцэстээ мөнгө зээлэх болтол Засгийн газрын асуудлыг өргөн барьчихсан. Гэтэл мөнгө зээлүүлэх гэж байсан улс түүнийгээ өгөхөө эргэн харья гэж ярих болсон байна. Учир нь танай улс тогтворгүй байна. Эргэн төлөх баталгаа муу. Өмнөх бондуудын зарцуулалт замбараагүй. Өгвөл өндөр хүүтэй өгнө гэсэн түмэн шалтгаан тоочиж эхэлжээ. Дээрээс нь УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтнүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьснаас болж олон улсын зах зээлд манай улсын нэр дээр бүртгэлтэй бонд, хувьцааны үнэ унаж эхэлсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас болж олон улсын зах зээлд Монголын нэр хүнд дахин унажээ. Хөрөнгө оруулагчдын Монголыг сонирхох хандлагыг бууруулж, дахин эргэлзээнд орууллаа гэж шинжээчид дүгнэжээ.

 

Засгийн газар нэмж зээл тавих асуудлаар УИХ-ын гишүүд юу гэж ярьсаныг хүргэе.

 

Сангийн сайд Б.Болор: Сангийн яам олон улсын зах зээлээс нэг тэрбум ам.долларын эх үүсвэр босгохоор бэлтгэл ажлаа хангаж, хөрөнгө оруулагч нартай тохиролцоо хийж байхад нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндсөн нь гаднын орнууд хөрөнгө оруулахад эргэлзэх байдал үүссэн.

 

 

 

 

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Саяхан чуулган дээр Засгийн газар "840 сая ам.долларын эрэлд мордсон" тухай зарлаж байсан юм. Өөр нэгэн эх сурвалж 2 тэрбум ам.долларын зээл яригдсан гэж манайд мэдээлэв. Удахгүй мөнгөний дүн тодорно.

 

 

 

 

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Монгол Улсын Засгийн газар бондын асуудлаа шийдэх арилжаа болохоос хэдэн цагийн өмнө Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьчихлаа. Энэ нь санамсаргүй тохиолдол биш. Засгийн газар нь огцрох гэж байгаа Монгол Улсын бондыг хэн авах юм.

 

 

 

УИХ-ын гишүүн Г.Батхүү: Сингапурт Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд нар гэрээ хэлэлцээ хийж байгаа энэ цаг үед Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барьж буй нь маш муугаар нөлөөлж байна. Тэндээс ирсэн мэдээллээр Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьснаас болж хөрөнгө оруулагчид гарын үсэг зурахаа азнаж байгаа.

 

 

 

 

Зам тээврийн сайд М.Зоригт: Энэ долоо хоногт Нью-Йорк, Лондон гээд олон улсын санхүүгийн төвүүд дээр Засгийн газрын төлөөлөл томоохон зээлийн гэрээнд гарын үсэг зурах байсан юм. Гэтэл УИХ-ын гишүүн Г.Уянга нарын хүчин чармайлтаар энэ асуудал хойшилж байна. Энэ цаг мөчийг тааруулж, улс төрийн хүчнүүд наймаа хийх тоглолт явж байна гэж хардаж байгаа.

 

 

 

24tsag.mn