Өнгөрсөн долоо хоногт Г.Уянга гишүүн Ерөнхий сайд Ч. Сайханбилэг болон УИХ-ын гишүүн С.Баярцогт нарын аавд ил захидал бичиж, захидалаас болж Ерөнхий сайд уурсан УИХ-ын чуулганы танхимд Г.Уянгыг загнав.

Тодруулбал УИХ-ын чуулганаар Гацууртын ордын асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “...Ийм асуудлаас болоод л та нарыг огцрох ёстой гээд байгаа юм. Та нар намайг Г.Уянга биш Чингэлтэйн 120 мянган иргэн гээд харчих л даа. Хүмүүсийг сонсохгүй байхаар сүүлдээ эцэг эхийнхээ үгэнд орно байх гэж бодоод захидал бичлээ шүү дээ” гэсэн. Үүний хариуд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Миний аав 80 настай, Баярцогтын аав бас 80 настай. Уянга гишүүн таны хажууд тэд нар хийхээ хийчихээд гавьяаны амралтаа авчихаад амарч байгаа. Та улстөрөө хийх бол энэ танхимдаа ярь. Хань ижлээ алдаад ганцаараа сууж байгаа 80-тай өвгөн рүү битгий захидал бич. Ярих хэлэх юм байвал надтай ярь. 80 настай аавыг минь тайван байлга” хэмээн уурсав.

Харин Ч.Сайханбилэгийн зөв гэх хүн байсан ч Г.Уянга үнэн хэлсэн хэмээх нэг нь ч байлаа. Мөн цахим ертөнцийнхөн “чи аавыгаа зовоохыг хүсэхгүй байгаа юм бол бусдын аавыг, бидний аавыг болон ард түмнээ зовоохоо боль” хэмээх утга бүхий зүйлийг ч нэлээд нийтэлсэн байлаа. Гэхдээ хэвлэл мэдээллээр болон Ардчилсан намын хэвлэлийн пиарын цахим хуудсуудаар Ч.Сайханбилэгийн хэлж байгаа үгийг олон зэрэг нийтэлж, өнгөрсөн долоо хоногт нэлээд идэвхитэй түгээсэн юм билээ. Тиймдээ ч Ч.Сайханбилэг олон нийтээс оноо авлаа хэмээн онгирч, дахин оноо цуглуулах санаа агуулсан уу. Ямартай ч С.Ганбаатар гишүүнийг гадаадын сургууль төгсөөгүй хэмээн буруутгав. Ингээд бас болоогүй Ч.Сайханбилэг түүнд хандаж үг хэлэхдээ “Оюутолгойн асуудал Ерөнхий сайдад ямар хамаатай юм. Улсын байацагч нар болон бизнесийнхэн үүнийг ярих ёстой. Надад ямар ч хамаагүй. Та гадаад сургууль төгссөн гэж анкетандаа худлаа бичсэн. Тэгээд ч тэр сургуульд чинь тийм мэргэжил байдаггүй. Маргааш надад төгссөн гэрчилгээгээ гаргаад үзүүлчих. Та өөрөө ийм худалч хуурмаг байж надаас яагаад асууж байгаа юм” гэв.

Үүнээс болж, твитерт дипломынхоо үнэн худлыг өчих тухай уралдаан хүртэл давалгаалсан байна. Ч.Сайханбилэгийн хэлж байгаагаар бол бүгдээрээ адилхан хуурамч учраас бие биенээ буруутгах эрхгүй бололтой юм.

Үүнээс гадна манай улсын боловсролын системийн хамгийн тулгамдсан асуудал нь ямарч сургуулийг ямарч хамаагүй мэргэжилээр төгсөөд, хүнд үзүүлэх хэд хэдэн дипломтой болох болчихоод байгаа билээ. Өөрөөр хэлбэл энэ байдлаас болж чанартай мэргэжилтэн гардаггүй, ажлын байранд гологддог бөгөөд хүн бүр ямарч аргаар хамаагүй сургууль төгссөн болж, диплом хэмээх цаас авахын тулд амьдардаг болчихсон. Ингээд амьдралд нөгөө цаас нь хэрэг болдоггүй, хэрэг болсон ч Монголд ажлын байр олддоггүйн зовлонтой. Тиймээс олон залуу гэр бүл гадаадын улс орнууд руу цагаачилж, эсвэл тэнд боолын хөдөлмөр эрхэлж, амьдрах гэсэн зарим нь монголдоо мэргэжлийн бус ажил хийж байгаа билээ. Нэг ёсондоо хий хоосон чанартай чанаргүй диплом шүтсэнээс болж, боловсролын болоод нийгмийн амьдралын олон сөрөг үр дагаврууд гарч ирсэн юм.

С.Ганбаатар сургууль төгсөөгүй тэнд хоёр жил сурсан хэмээн үнэнээ өчсөн байна лээ. Худал хуурмаг гэдгээ батлах мэт анкетаа бөглөсөн гишүүний буруу мөн. Гэхдээ хоосон Диплом шүтэж, амьдралынхаа замыг буруу зурсан залуусын нэгэн адил бодолтой Монгол улсын Ерөнхий сайд байхад дээд боловсролын тогтолцоо дампуурах нь дамжиггүй юм байна. Диплом гэдэг нь боловсрол гэсэн үг огтхон ч биш. Гадаадын диплом цуглуулсанаас, сэтгэлийн болоод оюуны боловсрол эзэмшиж, хүн шиг хүн болоод эх орондоо хувь нэмрээ оруулах нь бүхнээс илүү билээ.

Н.Ганаа

үргэлжлэл бий...