Тус яаманд З.Баянсэлэнгэ сайдын дагуулж ирсэн, нэг газрынх нь дарга залуу Төрийн нарийн бичгийн дарга руугаа салаавч гарган "Чамайг энэ яамнаас зайлуулна ” хэмээн заналхийлэхийг харсан төрийн албан хаагчид эвэртэй туулай үзсэн мэт ихэд гайхаж, бас зэвүүцжээ.

Гудамжны жирийн нэг жагсагчаас төрийн түшээ, Монгол төрийн сайд болтлоо суга дэвшсэн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Барилга, хот байгуулалтын яамыг баллаж байна, цаана чинь. Өөрийнхөө даргалсан Байнгын хорооны нэрийг хэлж мэдэхгүй хэдэнтээ будилж байж тогтоосон эрхэм гишүүн тэр үеэ бодвол хагас ч гэлээ чих нь онгойж, төрд бага ч атугай суралцаж буйг сонгогч бид харж байгаа. Монгол төр, ард олноо гэхээсээ намын даргынхаа төлөө л УИХ-д сууж байгаа мэт аашилдаг энэ эмэгтэй сайдын сэнтийд залрахад олон нийт тийм ч таатай хүлээн аваагүй. Хүмүүс ийм юм болно гэдгийг мэдэж байсан гэлтэй, эрхэм гишүүн Төрийн яамыг хувийн компаниа гэж андуурдаг юм биш байгаа гэж тус яамныхан төдийгүй Төрийн албаны зөвлөлийнхөн толгой сэгсрэн ярьж сууна лээ. Сайдын гаргасан зарим тушаал, шнйдвэрт яамных нь төрийн алба хаагчид төднйгүй жирийн нэг барнлгачин залуу хүртэл эргэлзэж байсан удаатай.

"Авьяаслаг Монголчууд" шоунд оролцож, дэд байрт шалгарсан барилгачин залуу салбарынхаа сайдын өөртөө хожоо болгож дам мэхээр өгсөн "Тэргүүний барилгачин" цол, тэмдгийг аваагүй. Барилгачин болоод удаагүй тэрбээр “Би шоунд оролцож, дуулсан болохоос, Тэргүүний барилгачин болох болоогүй” хэмээн өөрийгөө цэгнэж, сайдын өмнөөс ичсэн нь лавтай. Ичих булчирхайн ялгаа сайд, залуу хоёрын хооронд ийм алд дэлэм зөрөөтэй байна.

Барилга, хот байгуулалтын яам 60 гаруй албан хаагчтай. Монгол Улсын барилгын салбарын бодлогыг тодорхойлж, норм, нормативыг боловсруулдаг тул энд ажиллагсад өндөр мэргэжил, мэдлэгтэй, мэргэшсэн байх шаардлагатай. Тус яам таван газар, дөрвөн хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. З.Баянсэлэнгэ гишүүн Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ирээд газар, хэлтсийнхээ дарга нарыг бараг 100 хувь өөрийнхөө хүмүүсээр бүрдүүлжээ. Урьд нь ажиллаж байсан хүмүүсийг халах тушаалдаа “гадаадад суралцах болсон тул” гэсэн цорын ганц үндэслэл дурдсан байдаг ч суралцахаар явсан нь үгүй, ердөө л сайдын сүр далайлтад автан ажлаа арга буюу өгчээ. Хууль ном ч дүүрч, өөртэй нь гар нийлэн ажиллах баг нь юм байж гэж бодоход тэднээс нь төрд ажиллаж байсан хүн нэг, хоёроос хэтрэхгүй. Төрийн албаны зөвлөлийн шалгалтад нэг нь ч ороогүй гэж байгаа. Тэгсэн хэрнээ тэд төрийн мэргэшсэн, өндөр мэргэжилтэй албан хаагчдад ноён мэт хандах болсон талаар тус яамныхан төдийгүй барилгын салбарынхан ярьж байгааг сайд нь, Ерөнхий сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Баярцогт нар сонссонч сонсоогүй мэт суугаа нь хачирхалтай. Хачирхалтай ч гэж дээ, ийм үзэгдэл Монголд хавтгайрсан тул тэд бүр дөжирчихсөн гэвэл үнэнд ойртоно.

Төрийн нарийн бичгийн дарга бол төсвийн ерөнхийлөн захирагч, ажилтан, албан тушаалтныг ажилд авах, халах тушаал гаргадаг, Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар ажилладаг, улс төрөөс хараат бус, төрийн албаны жинхэнэ ажилтан. Гэвч З.Баянсэлэнгэ сайд Төрийн нарийн бичгийн даргаа дуулгавартай гүйцэтгэгч нь болохгүй, хууль бус шийдвэрийг нь баталгаажуулахгүй,хууль дүрэм дурдан сануулж байгаагийнх нь төлөө элдвээр дарамталж, гаргасан шийдвэрийг нь урж хаях, яамнаас зайлуулна хэмээн сүрдүүлэх, энэ хүслээ гүйцэлдүүлэхийн тулд Засгийн газарт "Сайдын шийдвэрийг биелүүлэхгүй банйа. Гар нийлэн ажиллах боломжгүй" хэмээн алтан хошуу өргөж, арга хэмжээ авахуулах зэргээр арай ч дээ гэмээр цадиггүй аашилсаар байгааг баримт гэрчнлж байна.

Шинээр ажилд томилох албан хаагчдыг сонгон шалгаруулах ажлыг яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл хариуцан, Төрийн албаны зөвлөлд уламжлан шийдвэрлэдэг -хуультай. Гэтэл З.Баянсэлэнгэ хуулийг уландаа гишгэн өөрөө нэр дэвшүүлдэг болжээ. Ганихан жишээ татъя. Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын даргын албан тушаалд томилуулахаар хуулийн дагуу Төрийн нарийн бичгийн дарга нь хоёр хүний нэр дэвшүүлжээ. Гэтэл зэрэгцээд сайдын дэвшүүлсэн хоёр хүний нэр орж ирж, Төрийн албаны зөвлөлийнхний гайхшлийг барсан байна. Зөвхөн энэ албан тушаалыг тойрч арван хэдхэн хоногийн дотор найман тушаал гарч, сайд эрх сүрээрээ хоёрыг нь хүчингүй болгосон гэх мэтээр З.Баянсэлэнгийн холион бантан Барилгын яамыг баллуурдаж мэдэх байдалд хүрчээ.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн хүнд хүчир албыг нэр төртэй залгуулж яваа өндөр ёс зүйтэй, мэргэшсэн албан хаагч олон бий. Ийм хүмүүсийн нуруун дээр Монголын төр оршин байдаг билээ. Гэтэл танил тал, нам эвслийн шахаа, хуйвалдааны замаар төрийн албанд очсон үл бүтэх хүмүүс өнөөдөр төрийн болон төрийн албан хаагчийн нэр хүндийг унагаж байна.

Тухайлбал, БХБЯ-нд З.Баянсэлэнгэ сайдын дагуулж ирсэн Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр гэх 30 гаруйхан настай залуу яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга руу салаавч гаргаж “Чамайг энэ яамнаас зайлуулна” хэмээн заналхийлэхийг харсан төрийн апбан хаагчид эвэртэй туулай үзсэн мэт ихэд гайхаж, бас зэвүүцжээ. ХААИС-ийг газар зохион байгуулагч мэргэжлээр төгссөн энэ залуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчаар ажиллаж байсан юм билээ. Удирдах, удирдуулах ёс гэж бий. Мэргэжлийн хяналтын газарт юу сурсан юм бүү мэд. Зүй бус авирласан энэ залууг ажлаас нь чөлөөлсөн юм байна, уг нь. Гэтэл сайд З.Баянсэлэнгэ Төрийн нарийн бичгийн даргынхаа тушаалыг хүчингүй болгож, дагуулж ирсэн хүндээ ямар ч хариуцлага тооцолгүй ажиллуулсаар байгаа төдийгүй сонгон шалгаруулалтад оруулахаар Төрийн албаны зөвлөлд өөрийн гарын үсэгтэй бичиг явуулсан байна. Сайдын албан бичгийн хариуд "Улс төрийн хүчин, төрийн өндөр албан тушаалтан салбарынхаа Төрийн албаны зөвлөлд нөлөө үзүүлэхийг хориглоно" гэсэн хуулийн заалт байдгийг анхаарахыг танд зөвлөж байна" гэсэн хариу өгчээ.

Сайдын дагуулж ирсэн Ууганбаярууд нэг биш нэлээд хэд бий. Тэдний нэг нь Х.Батболд. Тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч. Уралын их сургуулийг технологич инженер мэргэжлээр төгссөнөөсөө хойш аж ахуйн байгууллага, хувийн хэвшилд ажиллаж байжээ. Төрийн албаны туршлагагүй нэгэн. Л.Чинзориг мөн л сайдыгаа даган ирж, энэ яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төрийн албаны ямар ч туршлагагүй, хувийн байгууллагад ажиллаж байгаад ирсэн. БХБЯ-ны Барилгын чанар, аюулгүй ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр З.Энх-Оргил ажиллаж байна. Өмнө нь Барилгын хөгжлийн төвд ажиллаж байсан. Яаман дотроосоо тушаал дэвшүүлсэн хоёрхон хүний нэг. Эдийн засагч мэргэжилтэй М.Болортуяа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад саяхан жинхэлжээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргаар нэг жил ажилласан намтартай юм байна.

З.Баянсэлэнгэ сайдын халаа сэлгээнд тус яамны газрын дарга нараас гадна дөрвөн хэлтсийн даргын гурав нь өртжээ.
Ж.Бурмаа гэх эмэгтэйг тус яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байна. Барилгын үйлдвэрлэлийн удирдлага, англи хэлний орчуулагч мэргэжилтэй. “Нийслэл өргөө” ХХК-д төлөвлөгөөний эдийн засагч, хувийн “Идэр” дээд сургуульд дэд захирлын алба хашиж байсан энэ хүн мөн л төрийн албаны туршлагагүй. Цагдаа, тагнуулын байгууллагад мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Д.Батхуягийг Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Т.Наран-Эрдэнэ БХБЯ-ны Норм, нормативын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч ажилтай. “Бридж констракшн”, “Легато” ХХК-д инженерээр ажиллаж байсан. Төрийн албаны туршлагагүй.

Ийнхүү БХБЯ-ны удирдлага бараг тэр чигээрээ "орлон гүйцэтгэгч" болчихоод байна. Сайд маань БХБЯ-ыг МАХН-ын сонгуулийн зардлыг бүрдүүлэх, хувийн ашиг хонжоо олох эх булаг хэмээн эндүүрдэг бололтой. Тэрбээр Монголын томоохон нэр хүндтэй барилгын компанийн удирдлагуучдыг цуглуулаад, миний мэдэлд 2016 онд тендер зарлах ийм хэмжээний төсөвт өртөгтэй ажил байна. Гадна, дотнын төсөл, зээлийн хөрөнгө бас нэмэгдэнэ. Хэдүүлээ хамтраад, харилцан ашигтай ажиллана шүү хэмээн нүдийг нь орой дээр нь гаргажээ. Түүгээр ч зогсохгүй мөнөөх “орлон гүйцэтгэгч’'нар нь “Надад ийм тендур байна. Хувиа тохироод хамтрах уу” гэсэн хүсэлт тавьж, барилгын компаниудын үүдийг тогшиж явдаг гэсэн.

З.Баянсэлэнгэ мөнгө, санхүүгийн асуудалд ч гараа дүрэх болжээ. Барилгын хөгжлийн төвд Норм, нормативын сан гэж бий. Энэ сангийн ажлын чиглэл, удирдлагын хороог БХБЯ-наас баталж, томилдог. УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнө энэ төв нь яамныхаа харьяа агентлаг байсан юм билээ. Барилгын компаниуд барьж буй барилгынхаа төсөвт өртгийн 0.18 хувьтай тэнцэх мөнгийг энэ санд төвлөрүүлдэг. Өөрөөр хэлбэл, энэ мөнгө сайдын мэдлийнх биш, барилгачид хөлс хүчээ урсган байж олсон хэдээсээ бүрдүүлдэг сан. Хэн нэгнийг дураар нь дургиулах, зугаалуулах гэж бус, барилгын үндсэн норм, нормативыг шинэчлэх, судалгаа шинжилгээ хийх, сургалт зохион байгуулахад зарцуулах журамтай. Гэтэл З.Баянсэлэнгэ Барилга, хот байгуулалтын сайдаар очоод удаагүй байхдаа буюу оны өмнө Бельги, Нидерланд, Герман зэрэг Европын улсаар хоёр удаа явсан юм байна. Ингэхдээ үзэсгэлэн үзэх, гэрээнд гарын үсэг зурахад оролцох гэсэн ажлаар явсан байх юм. Гэрээнд гарын үсэг зурах нь БХБЯ-нд огт хамаагүй, нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхны ажил байсан гэх юм билээ. Гэтэл шаардлагагүй энэ ажилд З.Баянсэлэнгэ сайд бараа бологчдынхоо (БХБЯ-нд дагуулж очсон өөрийн хүмүүстэйгээ) хамт хоёр удаа зугаалахдаа 100 шахам сая төгрөг зарцуулсан байх юм. Үүнийг нь мэдсэн барилгын компанийн захирлууд, барилгын төрийн бус байгууллагынхан июд бухимдаж, хариуцлага тооцуу-лахаар зохих байгууллагад хандана гэдгээ мэдэгджээ.
БХБЯ-ыг баллаж байгаа хүн нь ганц З.Баянсэлэнгэ сайд ч бус, намын дарга Н.Энхбаяр нь хүртэл оролцох болсон талаар
түс яамныхан өөр хоорондоо ярих нь чих дэлсэв. Тухайлбал МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрт нь ямар ч хамаагүй төрийн ажилд хутгалдаж, тус яамны эрх бүхий нэгэн албан хаагчийг "Өргөдлөө өгчих" хэмээн сүрдүүлэх, зөвлөхийн дундуур хэлээд авчээ. Энэ яриа өвсөнд авалцсан гал адил тус яамаар тарсан байна. Түүнчлэн Н.Энхбаярын хэвлэлд өгсөн төлбөртэй нийтлэлийн төлбөрийг “БХБЯ мөнгийг нь шилжүүлнэ” гэсэн тодотгол дагалддаг болсон. Ерөөс З.Баянсэлэнгэ намын даргынхаа төлөө л ажиллаж, амьдардаг гэмээр үзэгдэл нэг биш гаргадаг. Түүний нэг жишээ нь Н.Энхбаярыг Шадар оайдад дэвшүүлсэн албан бичиг. энэ талаар намын удирдлагууд нь мэдээгүй байснаас үзвэл З.Баянсэлэнгийн даргадаа саймширсан ээлжит алхам байсан байж болох талтай.

Азаар ч юм уу, эзээр УИХ-д суучих боломж хэн бүхэнд бийг Монголын парламентын түүх харуулж байгаа. Харин Төрийн сайдын албыг дуртай нь хашдаг байж болохгүй, сайд хүн яамыг өөрийн хувийн ТҮЦ мэт ашигладаг, мэргэшсэн албыг үймүүлэн сарниулж, чадавхийг нь эвдэн бусниулдаг байж таарахгүй гэж иргэд, олон нийт үздэг. Гэвч “арай ч дээ” гэмээр хүмүүс сайд болж, болонгуутаа яамыг хувийн эзэмшил мэгээр туйлдаг үзэгдэл нэг биш. З.Баянсэлэнгийнх нэг л жишээ. Ийм үзэгдэл хэтэрхий гэмээр газар авч байхад Засгийн газар, хууль хянагпъш байгууллагууд таг чиг суудаг болсон нь монгол төрийг сульдаан, ард түмний итгэлийг алдагдуулах хүчин зүйл болсоор байна.

З.Баянсэлэнгэ хүнийнээ хувьд, улстөрчийнхөө талаас хэн ч байж болно. Нэгэнт хуулийн дагуу УИХ-д орж ирсэн болохоор тэр гишүүн мөн. Улс төрийн алба хашиж буй тул улстөрч ч мөн. Харин сайдын албан тушаал түүнд арай томдоод байгааг засаж, залруулж болохгүй гэж үү. Намд ногдсон суудал, квот гэж байж болох ч нэр дэвшүүлсэн хүнийх нь чадвар, чансааг цэгнэх, шаардлагад нийцэхгүй бол буцаах эрх мэдэл уг нь Гүйцэтгэх засаглалын тэргүүнд бийсэн. Харамсалтай нь Ерөнхий сайд маань энэ бүрэн эрюэ бусдад алдчихаад, олж авч чадахгүй байгаагийн нэгэн жишээ энэ мөн билээ. Засгийн ажлыг завхруулсан бол, хууль ёсыг зөрчсөн бол хариуцлага хүлээх учиртай. Хариуцлага гээч юм зөвхөн иргэдэд үйлчилдэг, улстөрчдөд энэ үг хамаагүй мэтээр ханддаг, яам байгууллага, төрийн бодлого шийдвэрээс эхлээд бүхэл бүтэн салбарыг хүртэл бусниулж байхад толгойг нь илж, нүд анин өнгөрөөдөг байдал хэдий хүртэл үргэлжлэх юм бол.

Цадиггүй улс төрийн хөлд улс орон ч сүйдэж мэдэх нөхцөл бүрдчихээд байна шүү.

 

Д.ДАГВА

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/