“Транспэрэнси интернэшнл” байгууллагын ТУЗ-ын дарга Хосе Угаз Монгол Улсын өндөр түвшний авлигын эсрэг тэмцэл, хээл хахуулийн эсрэг шүгэл үлээгчдийн эрхийг хамгаалсан Гватемалын ард түмний эсэргүүцлийг өнгөрсөн оны онцлох үйл явдлаар нэрлэжээ.

Гэхдээ энэ бол зөвхөн түүний дүгнэлт бөгөөд тус байгууллагаас гаргадаг авлигын индексийг Улс төрийн эрсдэл, Шударга засаглалын форум, Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, Засаглалын шилжилт ба менежмент зэрэг олон улсын нэр хүндтэй 12 байгууллага дэлхийн улсуудын төрийн албан дахь авлигыг 1-100 хүртэлх оноогоор үнэлж гаргадаг байна. Тэдний энэ оны дүгнэлтээр Монгол Улс 100 онооноос 39-ийг авч, өнгөрсөн оны үзүүлэлтээ давтав. Дээрх байгууллагууд тухайн улсын авлигын индексийг үнэлэхдээ, авлигын хэргийг хэрхэн шийдсэн, төсвийн зарцуулалтын ил тод байдал, өндөр албан тушаалтанд ногдуулах шийтгэл зэргийг харгалзан үзжээ. Авлигын индексийг 91 оноотойгоор Дани Улс тэргүүлсэн бол Финланд, Швед, Шинэ Зеланд удаалсан байна. Сүүлийн хоёр жилийн жагсаалтыг тэргүүлсэн Дани Улс авлигагүй цэвэр орноор тодорч, авлигын төлөө тууштай тэмцдэг гэдгээ нотолсон байна. Харин найман оноо авсан БНАСАУ, Сомали улс авлигад идэгдсэн улсад тооцогджээ.

Монгол Улс хувьд авлигын индексээрээ 2012 онд 36 оноо авч 94 байр, 2013 онд 38 оноогоор 83 байрг орж байсан түүхтэй. Улмаар 2014 онд 39 оноогоор 175 орноос 80 дугаар байрт орж, олон байр урагшилж байв. Тэгвэл өнгөрсөн онд ийнхүү найман байраар урагшилж 72 дугаарт жагссан ч, авсан оноо нь өөрчлөгдөөгүй байна. Учир нь авлигын индексийн үнэлгээнд хамрагдсан орны тоо наймаар буурсан нь жагсаалт ахихад нөлөөлөв. ‘Транспэрэнси интернэшнл” уржнан жил уг судалгаанд 175 улсыг хамруулсан бол өнгөрсөн онд 168 орны анлигын төсөөллийн индексийг гаргажээ. Энэ онд манай улс Эл Салвадор, Панама Улсын дунд бичигдсэн байна. Авлигыг бүс нутгаар нь авч үзвэл, Азийн номхон далайн бүс нутаг хамгийн бага оноо авсан. Бүсдээ авлигын эсрэг тууштай тэмцэж буй орноор Шинэ Зеланд, Сингапур, Австрали упсууд шалгарч, БНХАУ, Монгол, Малайз Улсын авлигын индексийг нэг түвшинд тодорхойлжээ. Азийн бүсэд 34 улс байдаг. Монгол Улс үүнээс 11 байранд жагсжээ.

Авлигын төсөөллийн индекст хамрагдсан дэлхийн 168 орны гурваны хоёр нь 50 оноо буюу талаас доош үнэлгээ авсан нь хээл хахууль дэлхийн дийлэнх оронд ноцтой асуудал хэвээр байгааг харуулж байгааг Хосе Угаз онцолсон бөгөөд өнгөрсөн онд дэлхийн өнцөг булан бүрт иргэд авлигачдын эсрэг тэмцэж, жагсаж, буруу эрх мэдлийн эсрэг жинхэнэ ёсоор тэмцэх цаг нь болсныг хатуу сануулсан жил байсныг онцолжээ. Өндөр түвшний авлига бол эрх мэдэл бүхий цөөнх нь албан тушаалаа ашиглан хөлжиж, олонхид ноцтой хор уршиг хохирол учруулдгаараа хамгийн аюултай үзэгдэл. Ихэнх тохиолдолд өндөр түвшний авлигачид хуулийн хариуцлага хүлээхгүй байгаа нь харамсалтай явдал болохыг тодотгосон байна. Үүнээс харахад, авлига нь манай улс төдийгүй дэлхийн улсуудын өмнө тулгамдсан асууцлын нэг болсныг харж болох юм. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр авлигын индексээр хамгийн муу оноо авсан улс орнууд нь ихэвчлэн засаглал нь сул, тогтворгүй, хуулийн байгууллагууд нь хараат ажилладаг, хэвлэлийн эрх чөлөө нь тааруухан байсан байна. Харин авлигатай тууштай тэмцэж, авлигын индексийг тэргүүлсэн орнууд хэвлэлийн эрх чөлөө нь сайн, төсвийн зарцуулалтад тавих иргэдийн хяналт нь хүчтэй, шүүх засаглал нь шударга, иргэдээ баян, ядуугаар нь ялгаварлаж ханддаггүй болох нь ажиглагджээ.

Тэгвэл Монгол Улсад авлигын эсрэг цор ганц институц бол Авлигатай тэмцэх газар. Тус газрын өнгөрсөн оны ажлын гүйцэтгэлийн тайлан Монгол Улсын авлигын нэг хэмжүүр байж болох юм. Тайланд дурдсанаар, тус газар 1027 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 428-ыг нь гэмт хэргийн шинжтэй болохыг нь тогтоож бүртгэжээ. Энэ нь 2014 оныхоос 70-аар буюу 14 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Ирсэн гомдол, мэдээллийг салбараар нь авч үзвэл төрийн улс төрийн албанд хамаарах 88, төрийн захиргааны албанд хамаарах 169 зэрэг өндөр түвшний авлигын мэдээлэл голложээ. Улмаар 46 тэрбум 478.3 сая төгрөгийн хохирол улсад учирсан болохыг тогтоосон байна. Мөрдөн байцаалтын шатанд хоёр тэрбум 921.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн бол 11 тэрбум 276.9 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжилсэн байна. Мөн 800.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлсэн байна.

 


Д.ДОРЖ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/