ШУТИС-ийн III дамжааны оюутан,19 настай П-г 26 удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг өнгөрсөн 2015 оны оны арваннэгдүгээр сарын 27-ны өмнө гарсан юм байна. Хүүг хөнөөсөн этгээдийг цагдаагийн багйууллагаас олж тогтоосон бөгөөд түүнд эрүүгийн үүсгэн, шалгаж, хорих 461 дүгээр ангид саатуулж байжээ.

Гэтэл саяхнаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан сэжигтнийг батлан даалтад гаргах захирамжийг гаргаад байгаа аж.

Уг хэргийн талаар талийгаачийн ээж П ярихдаа “Миний хүү 19 настай, ШУТИС-д сурдаг байсан. Гэтэл Архангай аймгийн харъяат Буяннэмэх гэдэг этгээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн VI Бичил хорооллын орчимд миний хүүг 26 удаа хутгалж, хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн. Гэмт этгээд хүүг минь хөнөөснийхөө дараа шууд Гэмтлийн эмнэлэгт таньдаг ах дээрээ очиж эмнэлэгт хэвтсэн байсан. Ах нь Гэмтлийн эмнэлгийн таван давхарт байдаг, тэргүүлэх эмч Мөнхбаяр гэж хүн бий. Тэр эмч дүүгээ хавсарсан гэмтлийн тасагт арав гаруй хоног хэвтүүлсэн юм билээ. Би тэр хооронд хүүгийнхээ буяны ажлыг хийгээд, завгүй явсан. Гэтэл гэмт этгээд эмнэлэгт хөзөр тоглоод сууж байна гэх мэдээллийг аваад “Хүн алсан хүн яагаад ингээд байж байдаг юм бэ” гээд тэр дор нь яваад очтол Гэмтлийн эмнэлгийн цагдаа нар нь мэдэхгүй, “Энэ хүн аваарт ороод ирсэн гэсэн. Мөнхбаяр эмчийн дүү гэсэн шүү дээ” хэмээгээд намайг маргааш өглөө ир, хуулийнх нь дагуу шийдье гээд буцаасан.

Ингээд маргааш өглөө нь очиход өнөөх Буяннэмэх шөнө нь оргон зайлсан байсан. Тиймээс би гомдол гаргаж байгаад түүнийг саатуулж, цагдан хориулсан. Гэтэл саатуулагдсан өдрөө хорих ангийнхаа эмнэлэгт хэвтчихсэн байгаа юм. Гэтэл өнгөрсөн пүрэв гарагт хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч үргэлжлүүлэн хорих саналаа прокурорт гаргахад прокурор нь зөвшөөрсөн. Тэр хүний хувьд Шүүх эмнэлгээр хүнд гэмтэлтэй гээд гэмтлийн зэрэг тогтоолгосон байгаа. Уг нь тэр хүн эв эрүүл, сав саруул явж байгаа ш дээ. Нүүрэндээ л нэг зүсэлттэй байсан. Гэтэл өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Ерөнхий шүүгч Цогтзандан гэдэг хүн гэмт этгээд Буяннэмэхийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах шийдвэр гаргачихлаа. Би үнэхээр айж байна. Ганц хүүтэйгээ хоёулахнаа амьдардаг байсан. Энэ алуурчин ингээд гарчихаар би одоо яах юм бэ” хэмээн нулимас дуслуулан ярьжээ.

Харин албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар гэмт этгээдийн талаас уг хэргийг олон нийтийн анхаарлаас холдуулахын тулд мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ мэдээллийг устгуулах, дахин гаргахгүй байх арга хэмжээ авч байгаа юм байна.

Н.Ганаа

үргэлжлэл бий...