Катарын нийслэл Доха хотноо 2015 оны тавдугаар сард чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Уг тэмцээнд оролцохоор эх орноосоо мордсон манай эрэгтэй шигшээ багийн тамирчид очоод харгалзах байранд саатуулагдаж, тэмцээндээ оролцож чадаагүй буцаж ирсэн нь өнгөрсөн хугацаанд нэлээд асуудал болж байв.

Тиймээс хохирсон гэх эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчид болон тамирчид хэвлэлийн бага хурал хийж, энэ явдлын гол буруутан нь Монголын чөлөөт бөхийн холбоо болохыг олон нийтэд мэдээлсэн.

Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч сумогийн их аварга Д.Дагвадорж нар мэдэгдэл хийж, Катарын талын буруу хэмээн энэ тухай нэвтрүүлэг хүртэл гаргасан учир эл хэрэг намжаад байлаа.

Гэхдээ хохирсон гэх тамирчид шүүхэд хандсан бөгөөд шүүхийн шийдвэр саяхан гарсан байна. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр шүүгдэгчээр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнхийг оролцуулан шүүжээ. Түүнийг хуурамч бичиг баримт үйлдсэн гэм буруутайд тооцон ийнхүү шүүгдэгчэээр татсан юм байна.

Ингээд Б.Сарантуяагийн гарын үсэг, тамгатай шүүхийн тогтоолд “Шүүгдэгч О.Баянмөнх нь нэр бүхий тамирчны виз мэдүүлэх эх бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, дуурайлган нэрийг өөрчлөн сольсноос тамирчид Арабын нийслэл Дубай хотын гаалийн газар визийн зөрчилтэй шалтгаанаар саатуулагдаж Азийн аваргад оролцож чадаагүй хохирсон байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас О.Баянмөнхийг хуурамч бичиг баримт үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн нь үндэслэлтэй, шүүхээс түүнийг нэр бүхий тамирчдын мэдүүлгийг скайнердаж, тэдний нэрсийг өөрчилж хуурамчаар бичиг баримт үйлдсэн үйлдэлд гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Монгол овогтой Ойдовсамбуугийн Баянмөнхийг хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” хэмээсэн байна.

Хамгийн хачирхалтай нь ЧБХ-ны ЕНБД О.Баянмөнхийг шүүхээр гэм буруутайд тооцсон байтал хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Учир нь “хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар буюу эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож О.Баянмөнхийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй” гэж шүүхийн тогтоолд бичсэн байгаа юм. Уг нь хэрэг хуучирдаггүй гэдэг. Үүнийг хуулийн цоорхой гэх үү юу гэж ойлгох вэ. Хүн хэрэг хийж болдог, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол шийтгэл хүртэхгүй ёстой байх уу. Эсвэл Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч аварга Д.Дагвадорж “овгордсоор” байгаад Ерөнхий нарийн бичгийн даргаа авч үлдэв үү.

Н.Ганаа

Үргэлжлэл бий...