Галд хамгийн амархан ѳртдѳг материал гэвэл мэдээж цаас мѳнѳѳс мѳн, ер нь л хэврэгхэн дээ. Цааснаас ч хэврэг, амархаан шатчихаар Засаг гэж бас байх юмаа. Хувьдаа тѳр, засаг маань тогтвортой байгаасай гэж үнэн сэтгэлээсээ бодож явдаг мянга мянган эгэл жирийн хүмүүсийн л нэгэн. Саяхан, ганцаарчилсан тэмцлийн од УИХ-ын гишүүн Уянга, МАН-ын хэсэг бүлгийг доргиож байгаад шүдэнз зуран Засгийн газрыг танхимаар нь түймэрдчих дѳхѳв. Юутай ч адилтгамаар юм дээ, ямартай ч манай Засгийн газар Фаранхайтээр бол 450 хэм хавьцаа халалтын орчинд тогтнож байгаа л юм дагуу даа. Энэ бол гаднаас нь шүдэнз зурах ч хэрэггүй, ѳѳрѳѳ аяндаа шатчих хэв хэмжээ. Ховор, хориотой гэгдэх ном зохиол сонирхож уншдаг хүмүүс андахгүй санах бий вий, Рэй Брэдборийн нэг романы сюжетээс сонирхуулъя, түүгээр адилтгал ( метафоза) хийж болох байх.
Рэй Брэдбори ( Raymond Dougles Bradbury 1920-2012) бол 800 гаруй зохиол туурвисан агуу их уран бүтээлч, дээр нь бүх үеийн үл гүйцэлдэх үзэл санааны эсрэг нийгмийн хѳгжлийн хууль, шинжлэх ухааны үндэслэлүүдийг сѳргүүлэн тавьсан, суурь ухааны мэдлэгийг гаргууд эзэмшсэн нэрт социологич, агуу хүн байжээ. Тэрээр...шинжлэх ухааныг шүтэж сансрыг бүрэн эзэмдсэнсэн бол хүмүүст ѳнѳѳдѳр нохойнд костюм ѳмсгѳѳд зугаацан тэнэгтэж гүйх цаг олдохгүй байх байлаа... гэж хэлсэн. Бүтээлч чанар бол ХҮН ДЭЭД-ийн чухал тал нь гээд тэрээр...Бүтээлч үйлдлээр ѳѳрийгѳѳ гаргаж ирэх ТИЙМ, эс үйлдлээр ѳѳрийгѳѳ зарцаах ҮГҮЙ хоёрын хоорондын зѳрчлийн орчилд ХҮН оршдог. Персон ( ХҮН ДЭЭД ) байхын утга учрыг хѳдѳлмѳрлѳх эрх чѳлѳѳн дотроос хайх хэрэгтэй юм...гэж сургасан байдаг.
Фаранхайтын 451° романы сюжетээс...
Хэзээ ч билээ дээ, Buchflohmarkt хэмээх ховор номын захаар ном бүтээл сонирхон шүлэнгэтэн гүйж явахдаа, нүүрэн хавтас дээр нь ѳѳрийгѳѳ галдан шатааж байгаа хүний зурагтай, FAHRENHEIT 451 гээд томоор биччихсэн үнгэлдсэн хар хавтастай ном олж авч билээ. Энэ ном, агуу Брэдборийн 1953 онд бичсэн ФАРАНХАЙТЫН 451 ХЭМ гэдэг шинжлэх ухаан-зѳгнѳлийн роман байв. Романы эпиграфт, чухам яагаад ийн нэрлэх болсноо тайлбарласан байна.Фаранхайтын 450 хэм орчимд цаас аяндаа дѳл гарган шатдаг юм байна, цельсээр бол 232,8 хэм гэсэн үг. Худалдаа наймааны ойлголтоор бол ХУГАРЛЫН ЦЭГ юм биз дээ. Нийгэм зүйн утгаар бол алдаанд хүртэл хязгаар байдаг гэдгийг л хэлсэн байна. Цадигаа алдсан, цагаандаа гарсан алдаанууд, ѳѳрийн гэсэн хугарлын цэгтэй, хэзээ нэгэн цаг мѳчид, алдаандаа халж цаас шиг аяндаа шатаж, үнс болон үйрч унана гэдгийг л шинжлэх ухааны үндэслэлээр зѳгнѳн харуулсан байна. Роман, 70 гаруй фраз заазуурдуулж нийтлэгдсэн ч дорхноо цууд гарч, сюжетээр нь "Фантаазын ертѳнц", "Самаркандын тэмдэг", "Бяцхан гэмт хэрэгтэн" кино хийгдэж, "Галын симфони" дуурь бүтээгдсэн байна. Брэдбори заргалдаж явсаар дѳнгѳж 1980 онд романаа бүрэн эхээр нь хэвлүүлжээ. Интернэтэд, 2012 онд, хууль зүйн шалтгаанаар гэсэн тайлбартайгаар цензур код тавигдсан байна. http://www.451 unavailable.org/
Романы үйл явдал, уран зохиолын номыг хуулиар хориглочихсон ер бусын тотилат улс хотод ѳрнѳж байна. Энэ нийгэмд, ном унших, хадгалах хориотой, нийгмийн чѳлѳѳт сэтгэхүй, уран бүтээлийн үнэтүүд гэж үгүй, амьдралын тухай эргэцүүлэл, сэтгэл хѳдлѳл гэсэн ойлголтууд байхгүй. Соёлтой, ёс зүйтэй байх нь шившиг, үүний буруутан нь НОМ, номыг шатаах, ном хадгалсан айлын гэрийг бас галдан шатаах хуультай. Ном уншсан хүнийг галзуу хүн хэмээн үзэж сэтгэл мэдрэлийн эмнэлэгт шилжүүлэн гэрий нь шатаана. Энд, номтой харьцах нь гэмт үйлдэл, ном уншигчид гэмт хэрэгтэн, шүүмжлэлт сэтгэлгээтэн бүхэн хууль зѳрчигч. Ѳдѳржин утга учиргүй сериал үзэцгээнэ, мангууртлаа дуулна бүжиглэнэ, амьдралыг номгүйгээр тѳсѳѳлнѳ, ганц бадаг шүлэг хэлэхэд л шоронд орно.
Хүн тѳрѳлхтний оюуны ундраа улалжлалаа алдаж, сэхээлэг амьдрал унтран нийгмээрээ тэнэгүүдийн ертѳнц рүү зүглэж яваагаа үл мэднэ, ердийн сайхан амьдрал хѳвѳрч байна хэмээн тѳсѳѳлцгѳѳнѳ. Гудамжинд найз нѳхѳдтэйгѳѳ тааралдахуйд, сэтгэл хѳѳрѳл, мэдрэмж мѳрѳѳдѳл ярих эрхгүй, гагхүү сериал л ярьцгаана. Зохиолын гол дүр Гай Монтег, ном шатаах fireman ( цаашид Галч гэе) ажилтай, ажилдаа үнэнч, нийгмийн сайн сайхны тѳлѳѳ зүтгэж яваа гэж ѳѳртѳѳ итгэлтэй явдаг нэгэн. Удалгүй тэр ѳѳрийгѳѳ амьдарч буй нийгмийхээ золиос болж явааг ойлгож эхэлнэ. Галчийн санаа эргэхэд нѳлѳѳлсѳн хүн нь 17 настай Кларис охин.
Кларисын сэтгэл хѳдлѳм мѳрѳѳдѳл, дэлхийг сайхнаар харж мэдэрч, сэтгэж байгаа нь Галчийг татахгүй байж чадсангүй, эрүүл бус юм шиг санагдсан ч яагаад ч юм сонирхолтой байв. Удалгүй тодорхой бус нѳхцѳлд Кларис машинд дайруулан нас барсан ч тэр хэргийг хэн ч авч хэлэлцсэнгүй, мѳрдсѳнгүй ѳнгѳрсѳн нь Галчид хүнд цохилт болов. Тэгтэл нэг эмэгтэй гэртээ ном хадгалж байсан нь илэрч, Галч очиж номы нь шатаав. Тэр бүсгүй, шатаж буй ном, гэр оронтойгоо цуг ѳѳрийгѳѳ шатаахдаа, 4 мѳрт хэлээд амжив. Галч маш их уярч, шатаж байгаа номноос хэдийг хулгайлан цувныхаа энгэрт хийн гэртээ авчирч агааржуулалтын янданд чихэн нуув. Галч, боссдоо бие ѳвчтэй байгаа гэж хэлээд гэртээ хэд хонох зуур янданд нуусан номнуудаа гарган уншиж эхлэв. Энэ ер бусын байдал эхнэрт нь таалагдсангүй, түүнийг солиорчихож гэж итгээд Галчийг ганцааринг нь хаян салж одов.
Хотын дарга Биттид, хэн нэгэн нь матаас хүргэснээр Галчийн байдал хүндрэв. Битти, Галчид хандаж нуусан номоо шатаах, улмаар гэр орноо галдан шатаахыг тулган шаардав. Битти,...номоо шатаах нь үзсэн харсан олон түмэнд азтай мѳчийг авчирдаг. Хүмүүсийн хоорондын сэтгэлгээний зѳрчлүүд нь номноос л болоод байгаа юм. Хүмүүс энгийнээр амьдрахыг хүсч байна, ном уншсан нэг нь ухаанаараа чамаас ялгарч, хэзээ нэгэн цагт чи тэдний сумны бай болон хувирах нь гарцаагүй...гэх зэргээр Галчийг ятгав. Битти, мѳр хѳѳгч электронон нохойгоо дагуулан Галчийн гэрийг шатаахаар ирэв. Галч, хотын даргыг, электронон мѳр хѳѳгч нохойтой нь цуг гранат дэлбэлэн устгаад, тэндээс амь тэмцэн бултаж, тэр шѳнѳдѳѳ галт тэргэнд суун ѳѳр оронд очив. Харин ч, аз таарч, электронон нохойд ѳрѳѳсѳн хѳлѳѳ тасар татуулсан тэрээр, Кембридж, Калифорни, Колумбын их сургуулийн хэдэн профессоруудтай танилцан нууц нийгэмлэгт элсэн оров. Хожим нь, уугуул хот нь атомын бѳмбѳгдѳлтѳнд ѳртѳхийг нүдээр үзсэн Галч учиргүй баясан....ЭНЭ МИНИЙ ѲДѲР...хэмээн чимээгүйхэн ѳѳртѳѳ л сонсогдохуйцаар шивнэв.
Цаасан танхим
Сайханбилэгийн Засгийн газар бол үнэндээ тун хэврэг цаасан танхим. Түүний хэврэг байдал нь дараах үндэслэлүүдтэй.
1. Сайханбилэг танхимаа, эзэн Богд Чингис хаан шиг хатаасан болдын хэмжээнд биш гэхэд ядаж кардонон цаасны хэмжээнд ч барих чадваргүй удирдагч. Аргументыг ард түмэн аль хэдийн хэлчихсэн байгаа.
2. Танхим хэврэг байгаа нь түүний хэлснээр ХАЙЧИН ГАЛЫН буруу юу?, үгүй юмаа. Хайчин бүү хэл шѳргѳн галын дунд байсан ч танхимаараа компетенттэй, хатуу чанга байж гэмээ нь ямар ч галд ѳртѳхгүй байх боложтой.
3. Танхимын гишүүд нь салбартаа ажил хийгчид биш, намдаа хандив цуглуулагчид. Сүүлийн үеийн хэрэг явдлуудаар энэ байдал батлагдсаар байна.
4. Танхимын гишүүд нь эдийн засаг, эх орноо бодогчид биш, ашиг сонирхлын донтонгууд.
5. Тамхимын гишүүд нь мэдлэггүй дээр нь мулгуу. Танил тал, ах дүү нараа гэрийн дээвэр туурга болгон чиригчид.
6. Танхимын гишүүд нь ѳнѳѳдрийн суудлаа ашиглан, ѳѳртѳѳ зориулж маргаашийн суудалд хүрэх зам тавигчид...гээд олон олон үндэслэлүүдийг харахаар жинхэнэ сэтгэлээрээ ард түмний эрх ашгийн тѳлѳѳ явах учир утга тэнд байна уу, бүгд, бүх юмс ХУДЛАА!, ойлгомжтой. Сайханбилэгт хийсэн юм бол бий, харыг хараар, цагааныг цагаанар, хийж чадаагүй юм ч зѳндѳѳ, гэхдээ би хийсэн, хийгээгүйн тухайд биш, танхимын хэврэг, бѳхийн тухай л санаа хэлж байна. Шаталтын цэгт цаг хугацааны хэмжүүр байхгүй, дараагийн сонгууль хүртэл халалтыг саармагжуулж чадах тѳлѳв харагдахгүй байгаа болохоор л энийг тэрлэлээ. Эндээс, ерѳнхий сайд та хурлын дараа марсайтал инээсэн нь арай л эртэдсэн гестур болсон доо!
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү