Өчигдөр мэдээллийн сайтуудаар гарсан сонирхолтой сэдвүүдийн нэг нь МИАТ-ын онгоцны нислэг саатуулсан төрийн түшээдийн шуугиан байлаа.

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь нарын гишүүд энэ сарын 13-нд Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд нисэх МИАТ-ийн онгоцоор үйлчлүүлэхдээ экономи ангилал буюу энгийн суудалд суухгүй хэмээн даналзаж нислэгийг 25 минут 33 секунд саатуулсан гэх мэдээлэл тарсан.

Эрхэм гишүүдийн хувьд одоогоор ажлын айлчлалаар гадаадын улсад байгаа бөгөөд дээрх мэдээлэл ямартаа ч үнэн бодит эсэх талаар тэдний зүгээс мэдэгдэл хийгээгүй байгаа билээ. Хэрэв энэ үйлдэл үнэн бол улс орны эдийн засагт ихээхэн том хохирол гэдгийг тэр бүр хүн мэдэхгүй бололтой. Олон улсын шугам ашиглан онгоцны нислэг үйлддэг бөгөөд нислэгийн минут секунд бүрийг нарийн тооцоолон үүнийг дагаад олон мянган доллар урсдаг гэдгийг төрийн түшээд мэддэг болов уу.

Ийм төрлийн авир гарган бараг шоронд хоригдох хүртэл арга хэмжээ авч болдогийг Өмнөд Солонгост гарсан хэрэг бэлхэнээ гэрчлэх юм. Жишээ нь Өмнөд Солонгос KAL буюу Korean AIrLine компанийн захирлын охин өнгөрсөн жил том толгойлж өөрийн үйлчлүүлж байсан нислэгийг 15 минут саатуулсны төлөө нэг жилийн ял авч, харин түүний эцэг нь өөрийн албан тушаалаа огцорч байсан түүх интернэтээр шуугиан дэгдээж байсныг санахад илүүдэхгүй.

Үүнээс гадна төрийн түшээ гэхээр л энгийн иргэдтэй хамт нислэгийн бүхээгт сууж болохгүй гэсэн хууль байхгүй. Гадаадын бусад орны төрийн түшээд бол жирийн иргэдтэйгээ л нислэгийн бүхээгт үйлчлүүлдэг ба үүний тод жишээ болгон Украин, Их Британийн Ерөнхий сайд нар экономи ангилалаар нисч байгаа дүр зургийг хавсарган нийтэллээ.

 

Харин манай төрийн түшээд хэт ямба нь ихдээд эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед улс орны төсвөөс энэ мэтээр хойш татан урсгаад байвал хэцүү л байна шүү ...

Энэ асуудлаар эрхэм гишүүд ямар нэг тайлбар өгөхийг хүлээж суух л үлдлээ дээ