Сонгууль дөхсөн тул УИХ-ын нэлээд гишүүн тойргоо бараадаж, сонгогчидтойгоо тулж ажиллаж байна. Харин Төрийн ордонд олонх, цөөнхийн удирдлагууд үл ойлголцож, улс төрийн зөвшилцөлд хүрч чадахгүй байгаагийн илрэл болж, УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж чадахгүй байна.

 

МАН-ын бүлгийнхэн болохоор олонх өөрсдөө ирцээ бүрдүүлээд хурлаа эхэлж чадахгүй байна шүү дээ гэх мэдэгдлийг хийчихээд гэдийж буй. МАН-ын тухайд олон нийтийн дунд рейтинг өндөр байгаа, бүр тодруулбал, 39 хувьтай байгаа гэж тус намын дарга М.Энхболд Цагаан сарын өмнөхөн ярилцлага өгөхдөө хэлээд байсан. М.Энхболд даргын хэлээд байсан 39 хувь, бодит байдал хоёр газар дээрээ арай л зөрүүтэй байгаа гэдгийг судалгааны нэгэн дүн харуулж байна. Нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр “Максима” судалгааны төвөөс Улаанбаатар хот, Орхон аймаг, Архангай, Увс аймаг, Сүхбаатар аймагт 1500 хүнийг хамруулж хийсэн судалгаагаар улс төрийн намуудын рейтинг дараах байдалтай байгаа ажээ.

 

МАН хэдийгээр тэргүүлж байгаа ч гэлээ даргынх нь хэлсэн шиг 40 хувь дөхсөн зүйл алга. Засгийн эрх барьж байгаа АН-ын рейтинг 25 хувьтай байгаа нь сонгууль товлогдсон энэ цаг үед тун ч эвгүй үзүүлэлт гэдэг хэнд ч ойлгомжтой. Дөрвөн жил шахам засгийн эрх барих хугацаандаа цуглуулсан оноо, бүрдүүлсэн имижид нь олон нийт ийм үнэлгээ өгч байгааг дөрвөн сар хүрэхгүйн дараа болох сонгууль хүртэл засаж, өөрчилж, сонгуульд ялуулна гэдэг юу л бол. “Хар машин нь л туслахгүй юм бол АН арван зургаан оны сонгуульд ялахгүй” гэдэг явган яриа олон нийтийн дунд гарчихаад байгаагийн чухам шалтгаан энэ буй заа.

 

Хэрвээ маргааш сонгууль болбол та аль намын төлөө саналаа өгөх вэ? гэсэн асуултад уг судалгаанд хамрагсад дээрх байдлаар хариулжээ.

 

Судалгаанаас харахад МАХН-ын рейтинг мэдэгдэхүйц өсчээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын рейтинг ч мөн өссөн байна.

 

Тодруулбал, хувь улстөрчийнхөө хувьд түүний рейтинг өмнөх судалгаануудаас илүүтэй байгааг экспертүүд онцолж байна. МАХН-ын дарга улс орныг хөгжүүлэх талаар өөрийн концепцоо өнгөрсөн 2015 оны наймдугаар сард Ховд аймагт иргэдтэй уулзахдаа анх ил тод илэрхийлсэн. Саяхан намынхаа онц их хурал хуралдсаны таван жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр дахин сануулж хэлсэн. Товчхондоо бол, Монгол Улсын ойрын арван жилийн хөгжлийн бодлогыг багцлаад түүнийгээ 10+60+30 хэмээн томьёолж, 10 жилийн дотор 60 сая долларын хөрөнгө оруулалт босгож, хөгжлөөрөө дэлхийд эхний 30-д багтдаг улс болох гэж тодорхойлоод үүнийгээ “Хөгжлийн хувьсгал” гэж нэрлэсэн билээ. Уул уурхай дагасан улстөржилтөд нэрвэгдэж, урагшилж чадахгүй байгаа сүүлийн хэдэн жилд МАХН-ын даргын хэлээд байгаа шиг 10+60+30 гэдэгтэй дүйх ойлгомжтой, бөгөөд тов тодорхой зорилт гарч ирж байгаагүй юм.

 

АН-аас нэгдэж хамтрах урилга хүлээж авсан Иргэний зориг болон МҮАН-ын тухайд нийлж нэгдээд 2,3 хувиас хэтрэхгүй байна. Хэдэн сонгууль дараалан Улсын Их хуралд суусан С.Оюун дарга Иргэний зориг гэдэг намыг огцом өөд татаж чадсангүй, улс төрийн рейтингийн хувьд нэгээс дээш нэг их ахихгүй байгаа аж. АН-ын өөрийнх нь чансаа нэмэгдэж чадахгүй байгаа энэ цаг үед 2.3 хувийн рейтингтэй ИЗНН, МҮАН хоёрыг өөртөө нэгтгэж авлаа ч гэсэн сонгуулийн ялалтын бараа их л хол харагдаж байна. Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ долоон хувийн рейтингтэй байгаа нь өөрөөс нь ахмад ИЗНН, МҮАН хоёртой харьцуулбал өндөр үзүүлэлт. Гэхдээ “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө, Хүн нам Ерөнхийлөгчийн нам байх болно, миний дипломтой, дипломгүй хэнд гай болоод байгаа юм” гэх зэргээр ихэм­сэглэж зүүдээ ярих гээд хулгайгаа ярьж орхи­сон С.Ганбаатарын сүү­лийн саруудад “тасар­хай” өндөр байсан рейтинг сүрхий суларчээ. Сүүлийн үед тус нам дотор өрнөөд байгаа халаа сэлгээ, хэрүүл маргаан цаашид үргэлжлэх юм бол дар­гынх нь рейтинг төдий­лөн өсөхгүй нь ойлгомжтой.

 

Улс төрийн гурван том намын дарга нарын тухайд авч үзэхэд МАХН-ын дарга Н.Энхбаяр улсын хэмжээнд хоёрт жагсаж байхад МАН-ын дарга М.Энхболд зургаад, АН-ын дарга З.Энхболд 11-д эрэмбэглэгджээ. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нар Топ-10-т багтаагүй байна. Улс төрийн эрэмбэ чансаа нь өндөр албан тушаал, их эрх мэдлээс төдийлөн хамаарахгүй байгааг энэхүү судалгаа харуулж байна.

 

Улстөрчдийн рейтинг /улс орныг удирдах чадвараар/

 

 

Эх сурвалж. “Максима” төвийн хийсэн судалгаа