Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь нар МИАТ-ийн онгоцыг гучаад минут саатуулсан талаар салбарын сайд нь өнгөрөгч долоо хоногт фэйсбүүк хуудсандаа бичсэнээр дуулиан дэгдэж, томилолтоор Берлинийг зорьсон гишүүд хэвлэлүүдийн “бай” болоод байсан. Онгоц хойшилсноор МИАТ компанид эдийн засгийн хохирол үүсээгүй гэж мэдэгдсэн ч МИАТ-ыг төлбөрт оруулсан мэт мэдээнүүд цацагдаж, нийгмийн сүлжээгээр тэдгээр гишүүдэд хариуцлага тооцох тухай яриа дэгдсэн билээ.

Тэгвэл эл мэдээлэлд Зам, тээврийн сайд М.Зоригт томилолтоос ирсэн Шадар сайд Ц.Оюунбаатараас уучлал гуйсан тухайгаа өөрийн хуудсаараа мэдэгджээ. Учир нь УИХ-ын чуулган дээр Д.Ганбат гишүүн Зам, тээврийн яамыг “порно” яам болгосон тухай шүүмж хэлэхэд нь эгдүүцэж байсан М.Зоригт сайд ийнхүү хэвлэлээр “өшөө” авахдаа, нөгөө хоёр гишүүнийг хэлмэгдүүлсэн бололтой.

Угтаа бол 2013 онд батлагдсан “МИАТ ХК-ийн нислэгээр зорчих журам”-д тухайн нислэгийн бизнес ангиллын суудал чөлөөтэй байгаа нөхцөлд МИАТ ХК нь “төрийн өндөр албан тушаалтныг энгийн ангиллаас нэмэлт төлбөргүйгээр дэвшүүлэн суулгах тухай” дурьдсан байх юм. Энэ журам нь УИХ-ын 2002 онд батлагдсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 73 дугаар тогтоолоос үндэслэгдсэнийг батлах албан тоотыг Зоригт сайд уучлал хүссэн тухай “мэдээ”-ндээ хавсаргажээ.

Салбарын сайд М.Зоригт хэвлэлд өгсөн ярилцлагадаа Шадар сайдыг гол буруутан гэж ойлгогдохоор өгүүлбэр хэлсэндээ уучлал гуйжээ.

Б.Цэцэ

www.buzznews.mn