“Нарантуул” захыг үүсгэн байгуулагч , УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн Эхнэр хүүхдээ хайрлаагүй хаяж явсан улс төрч яаж ард түмнээ хайрлах юм бэ” гэж хэлсэн үг сошиэлд тренд болж байна.

Энэ нь эрх мэдэлтэй, мөнгөтэй болоод ханилсан ханиа голж, залуу бүсгүйчүүдийг уургалж, гэрээсээ явсан улстөрчдөд хатуухан л сонстож буй биз. Гэвч голыг нь олж, онож хэлсэн үг.

Мэдээж энэ амьдралыг босгох гэж хоеулаа зүтгэсэн байж таарна. Гэргий нь хойш суугаад, дэмжихгүй байсан бол энэ зэргийн карьерт хүрэх нь ч эргэлзээтэй шүү дээ. Төрийн түшээ болж, даргын суудалд залрахаараа, бас хэтэвчин дэх мөнгө нь зузаараад ирэхээрээ хар багадаа ханилсан эхнэр нь царай муутай харагдаад, хав ойрын нас залуу бүсгүйчүүд хараа булаагаад, хэдэн ч эхнэрийг тэжээх бяр амтагдаад ирдэг л байх. Үнэндээ эхнэрийнх царай зүс гундах, нас нэмэх, намба суух нь хэдийгээр байгалийн жам ч гэлээ тэд эр нөхрөө үнэрлэх үртэй, удам залгах хүүтэй, хөтлөөд явах охинтой болгох гэж л өөрийн биеэ үл ажран эх хүнийхээ үүргийг гүйцэтгэж, унтах нойроо хасан байж үр хүүхдээ өсгөж, өрх гэр бүлээ төлөв түвшин авч явахын төлөө зүтгэж ирсэн нь дамжиггүй. Хамтдаа зүтгэсэн, хамтдаа босгосон, хамтдаа зовлон, жаргалыг туулсан олон жилийн амьдралаа нэг л өдөр эр нөхөр нь “нурааж”, өөр бүсгүйг сонголоо гээд хаяад явахад тэд баярлаагүй нь л тодорхой. Тэглээ гээд тэд хэвлэлээр гошигнож, хэн хүнд үглэн дуулаад явдаггүй. Эр нөхрийнхөө нэр хүндийг ч бодож, дуугүй байхыг л эрхэмд үздэг байх л даа. Жийгдсэн экс гэргий нар голдуу гадаадруу "цөлөгддөг".

Сэтгэл буруулсан ч гэлээ, экс эхнэрээ, үр хүүхдээ харж хандаад, эдийн засгийн хувьд дэмжлэгтэй явбал бол оо гэж сэтгэлээ тайтгаруулдаг ч байх. Миний танил нэг эгч “Насаараа хайрлана гэж хэлсэн үгэнд хэтэрхий итгэсэн дээ, гэхдээ яахав, нөхрөө тогтоож чадаагүй нь миний хохь, хэндээ гомдохов” хэмээн хоолой зангируулан, нүдэнд нулимс цэлэлзүүлсэн дүр зураг ч одоо ч санаанаас гардаггүй юм. Бүх хүүхдээ гадаадад боловсрол эзэмшүүлэхэд нь тусалж, өмсөх, зүүхээрээ дутаахгүй тэтгэж байгаад нь цагийн эрхээр уусч, үзэн ядах сэтгэл нь мөхдөг бололтой юм билээ. Гэхдээ хайрлуулж, хайрлаж явсан хүнээ мартдаггүй л байх.

Үнэхээр нэгэн биеийн хоёр тал болж, хатуу, зөөлнийг хамтдаа туулсан ханиа замын дунд гээгээд явсан улстөрч эрчүүд төр түшихдээ түмэн олныг хайрлана гэвэл дэндүү л хол, хөндий сонстож байна шүү.Энэ удаагийн парламентад л гэхэд анхны эхнэрээ сольж хоёрдах амьдралаа эхлүүлсэн эрхмүүд цөөнгүй бий.

1.Н.Алтанхуягийн хэнз хайр


АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Түүний одоогийн эхнэрийг Х.Сэлэнгэ гэдэг. Туслахаар нь ажиллаж байгаад гэргий нь болсон энэ бүсгүй нас ахисан хойно нь дэрсхэн дөрвөн охин төрүүлж өгчээ. Харин Ерөнхий сайдын экс эхнэрийг Ганчимэг гэдэг аж. Нөхрөө хэнз хайраа сонгоод гэрээсээ явахад “Уйлж унжиж, урвайж чаргууцалдагүй, өөрийнхөө зоргоор амьдар даа” гэж эрсхэн хэлсэн, боловсрол өндөртэй, багш мэргэжилтэй бүсгүй байдаг гэж ойр тойрныхон нь хуучилдаг гэх. Тэрээр Ерөнхий сайд асанд насан залууд нь 2 охин, нэг хүү төрүүлж өгчээ. Тэд нар нь бүгдээрээ өнөөдөр нас биенд хүрч, амьдрал зохиосон гэнэ. Аль хэдийнээ Н.Алтанхуягийг өвөө болгож, одоо нэлээд хэдэн ач, зээтэй аж.

 

2.Сү.Батболдын дэгжин гэргий

 



Экс Ерөнхий сайд Сү.Батболд. Тэрбээр нэгэнтээ “Би хамгийн сэтгэл булаам .......” гэдэг шиг “Би хамгийн “вест” сонголт хийсэн” хэмээн мэдэгдсэн нэгэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл өөрийн шилдэг сонголттойгоо амьдарч буй. Төрийн тэргүүнүүдийн эхнэрүүд дундаас дэгжингээрээ ялгардаг хатагтай Х.Отгонтуяа бизнесээ удирдаж, Сү.Батболдын хөрөнгийг улам арвижуулж буй бизнесмэн бүсгүй. Харин экс Ерөнхий сайдын анхны гэргийг Баттуяа гэдэг . Ямартай ч том хүүгийн нь ээж АНУ-д амьдардаг гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан удаатай.

 

3.Ч.Улааны гэнэтийн сонголт

 

Сангийн сайдаар хамгийн олон удаа сонгогдон ажилласан, Монголын толгой эдийн засагчдын нэг, туршлагатай парламентч гэгддэг Ч.Улаанаа эхнэрээ солиход гайхаж байсан хүмүүс цөөнгүй. Нас нь хөгшдөөд, залуужуулж байгаа юм байх даа гэж живэр, авир яриа Сангийн яам хавиар яригдаж байсан гэх. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улааны анхны эхнэрийг Буд хэмээх эмэгтэй байдаг гэсэн. Тэрбээр одоо гадаадад хүүхдүүдтэйгээ амьдардаг сурагтай. Харин Сангийн сайд өөрөөсөө хэд дүү эхнэртэйгээ Зайсанд байрлах хотхонд сууршьсан, хоёрдахь гэргий нь бизнес сэтгэлгээтэй, сэргэлэн бүсгүй бий гэсэн мэдээлэл хэвлэлээр хөвөрдөг.

4. Лу.Болдын нууцлаг гэргий


Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Лу.Болдыг ч мөн эхнэрээ сольсон нэгэн гэдэг. Гэхдээ энэ талаар тэрээр үг унагадаггүй. Энэ нь түүнийг ам бөхтэйн шинж биз. Анхны эхнэр, хүүхдийнх нь талаарх мэдээлэл бүрхэг.Хоёрдахь гэргий нь мисс байхаар, гоолиг, царайлаг залуу бүсгүй бий гэх.


5.Гэргийгээ миссээр “сольсон” Д.Зоригт

Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Д.Зоригт УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангайд АН-аас нэр дэвшсэн нэгэн, бас чиг чамгүй хэрүүл болж байж парламентын босго алхсан. Түүнийг Монголын толгой баячуудын тоонд бичигдэх хүний нэг хэмээдэг. Мөн энэ эрхэм баяныг Монголын сайхан бүсгүй, мисс Н.Мөнхцэцэгтэй эртнээс амраг сэтгэлийн харилцаатай гэж шуугидаг, бас хамт амьдарч байгаа гэх мэдээлэл ч хэвлэлээр цацагддаг. Харин Д.Зоригтын албан ёсны эхнэрийг Оюунсүрэн гэдэг бөгөөд бизнесээ авч явдаг гэх юм билээ.

 

6. Ө.Энхтүвшингийн үзэсгэлэнт гэргий

 

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин бас л эхнэрээ сольж, хоёр дахь амьдралаа зохиожээ. Тэрбээр одоо хоёр дахь эхнэр У.Булгантайгаа амьдарч буй. Өмнөх гэргий нь хэвлэлийн салбарт олон жил ажилласан чадварлаг, даруухан бүсгүй.


7.Х.Баттулгын анхны эхнэрийн омог бардам хариулт

 

УИХ-ын гишүүн,сайд, Х.Баттулгын анхны гэргий нь дизайнер Ц.Энхтуяа . Тэрээр нөхрөөсөө дутахгүй алдартай, олны танил нэгэн. Царайлаг, авьяаслаг дизайнер бүсгүй олон бүтээл дээр ажиллаж, бүжгэн жүжгийн тайз заслын зураачаар ажиллаж байсан билээ. Х.Баттулга гишүүний дөрвөн хүүхдийг гаргаж, бас түүнийг бизнест хөлөө олоход нь хамгийн том тус хүргэсэн энэ эмэгтэй хэвлэлийнхнээс үргэлж хол байхыг хичээдэг нэгэн. “Гоёл” наадмаас тэргүүн байрын шагнал авсаныхаа дараахан тэрээр “Би “Женко” группийг байгуулахад өөрийн гэсэн хувь нэмэр, хөлс хүчээ хангалттай зарцуулсан хүн. Одоо үүнийхээ үр шимийг хүртэж, хувиа хүртээд өөрийнхөөрөө амьдарч байгаа” хэмээн мэдэгдэж шуугиан тарьж байсан удаатай. Х.Баттулга одоо орос бүсгүй хамтын амьдрал зохиож ихэр хөвгүүдтэй гэдгээс өөр мэдээлэл байдаггүй. Тэрээр хоёрдахь амьдралаа ихэд нууцалдаг нэгэн. Олны нүдэн дээр дагуулж явдаггүй.

 

8.Д.Бат-Эрдэнийн эрх амраг

Хувь, хувьсгалын амьдралаа ихэд нууцлан барагтай бол ам нээдэггүй эрхмүүдийн нэг нь “Ажнай” корпорацийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, хамгийн баян төрийн түшээгээр тодордог Д.Бат-Эрдэнэ. “Ажнай”-гаар овоглодог энэ нууцлаг эрхмийг хэвлэлийнхэн 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон үеэс сонирхож, бизнес ашиг орлогоос нь гадна авгай хүүхдийг нь хүртэл зарлаж орхисон билээ. Анхны эхнэрээсээ салж, улсын циркийн уран нугараач Ганцэцэг хэмээх царайлагч нуруулаг бүсгүйг сонгосон. Тэд ихэр охидтой. Залуу амрагаа ихэд эрхлүүлж, хамгийн тансаг, хамгийн үнэтэй гоёлоор гоёдог гэх.

 

Х.Тэргэл

Эх сурвалж: TIMES.MN