Өөрийн хүч хөдөлмөрөөр бус, хялбар аргаар мөнгөжих сонирхол сүүлийн үеийн залууст түгээмэл ажиглагдах болж. Ид хийж бүтээх, хөдөлмөрлөх насан дээрээ ийм ядмагхан бодол тээж, түүнийгээ зорилгоо хэмээн андуурч, мөнгө олох арга хэрэгслүүрээ болгож яваа залуус зах зухаасаа эхлэн улс төрд шургалж байгаа нь тун харамсалтай.

 

Мөнгө улаан нүд цагаан гэгчийн үлгэрийг өөрийн амьдралаараа нотлон харуулж яваа нэгэн тод жишээ бол ХҮН-ын экс ЕНБД Т. Доржханд гэнэ.

Тэрээр 2007 онд өөрийн нялх биетэй эхнэр, улаан нялзрай үрээ орхиод өнгөтэй, мөнгөтэй айлд хүргэн орсон увайгүй эр. Мөнгө улаан нүд цагаан гэдэг ч эхнэр хүүхэддээ хатуу сэтгэл гарган тэднийгээ хаян байж “Монро Импекс” компанийн захирал.

 

Уламбаярын охинтой дэр нэгтгэжээ. Ингэхдээ ирээдүйн хадам эцгийгээ хүнд өвчин тусч, ухаангүй, хэвтэрт байх үед нь хүргэн болсон гэнэ. Тухайн цаг үед У.Уламбаяр агсны хувьд бизнест төдийгүй улстөрийн салбарт гялалзаж явсан. Гэтэл түүнийг нас бараад удаа ч үгүй байхад Т. Доржханд яг одоо ХҮН намд хийж байгаа шигээ хагалган бутаргах, өмч хөрөнгө булаалдах ажлыг гэр бүлийнх нь хүмүүсийн дунд хутган үймүүлж, гардан гүйцэтгэсэн гэдэг.

 

У. Уламбаяр агсныг өнгөрсний дараахан түүний эхнэр, ээж аавтай нь өмч хөрөнгө хуваах эсэх дээр маргаан дэгдээж, шүүх цагдаа дээрээ тулаад байсан. Харамсалтай нь нас барсан хүний ясыг өндөлзүүлэх гутамшигт энэ ажлыг Т. Доржханд чадамгай гэгч нь зохион байгуулж, 30 гаруй жил эв түнжинтэй амьдарч ирсэн У. Уламбаяр агсны аав, О. Уртнасан, ээж С. Ямаахай болон эхнэр Р. Туяацэцэг, охин У.Сийлэн нарын хооронд хэзээ ч арилшгүй хар толбыг үлдээж, тэр гэр бүлийг хооронд нь хагаралдуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

 

Мэдээж У.Уламбаяр агсан тухайн үедээ Монголын толгой баячуудын нэг байсан гэдэг утгаараа үлдсэн өв хөрөнгө нь хэдэн тэрбумаар хэмжигдэх нь ойлгомжтой. Ингэж Т. Доржханд өөрийн хэтэвчээ боломжийн хэрээр зузаатгаад амжив. Монголчууд үхтэл үр харам гэдэг. Тэр даанч энэ үгний утга учрыг сөхөөрөх тэнхэлгүй хэтэвч зузаарахын хэрээр нялх балчир үед нь хаяж явсан анхны үрээ үл тоомсорлон өдийг хүртэл эцгийн үүргээ биелүүлэх нь битгий хэл нэг ч удаа харж хандаж байгаагүй гэнэ.

 

Түүний ажлын туршлага, намтар түүх ч бас эргэлзээтэй гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Тухайлбал Сангийн яаманд 15 жил ажилласан гэдэг ч үнэн хэрэгтээ зургаан жил л ажилласан байх жишээтэй. Үүгээр дуусахгүй. ОУВСанд зөвлөх /adviser/ хийж байсан гэж өөрөө хэлдэг ч үнэн хэрэгтээ зүгээр л дадлагажигч туслах байснаа хэт дөвийлгөн зөвлөх болгон намтартаа оруулсан нь мэддэг нэгэнд “ичмээр дамшиг” гэгч л болсон. Дадлага хийснээ зөвлөсөн гэж ярих нь үнэнээс даанч хол.

 

“Түрүүлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр урт” гэдэг уг угтаа бол түүнд зориулагдсан гэлтэй. Сүүлийн үед ХҮН-ын экс Генсек намын жагсаалтыг наймаалцсан гэдэг үг талд ассан түймэр мэт тархсан ч тэрээр өөрийгөө “надад лист зарах эрх мэдэл байхгүй” хэмээн хаацайлсан. Гэвч үнэн хэрэгтээ тэр намын жагсаалтыг үнэлж, өөртөө жагсаалтын 1, 2-ыг авч, 3-ыг 5 тэрбум, 4-ийг 3 тэрбум, 5-ийг 2.5 тэрбум, 6-г 2 тэмбумаар тус тус үнэлэх саналыг анхлан өөрөө санаачилсан гэдгийг намын нөхдүүд нь илчилсэн.

 

Ингээд үүнийгээ намаа анхнаас нь байгуулалцсан Удирдах зөвлөлийн гишүүддээ дуулгахдаа нэг нэгээр нь ганцаарчилсан уулзалт хийж, “хэрэв энэ хэмжээний мөнгө өгч чадахааргүй бол дүүргийн ИТХ рүү яв” гэдгийг тодорхой хэлдэг байж. Намын бодит үнэлгээ 2 тэрбум байсаар атал лист зарах аргаар өөртөө 20-иод тэрбум төгрөгийг зувчуулах гэсэн санаа нь сар шинийн өмнөхөн ил болж, Т. Доржхандыг суудлаас нь огцруулсан билээ. Энэ бүхнийгээ нуун дарагдуулах зорилгоор Сангийн яаманд хамт ажиллаж байсан өөрийн төрөл садангийн дүүгээрээ намын санхүүг бариулж байсан байна.

 

Монголчууд эртнээс сар шинийн баяр болохоос урьтаж бүхий л муу муухай бүхнээ цэгцлэн, тоос тортогоо арчиж, орон гэрээ цэмцийлгэн, муу бүхнээс ангижирдагийн адилаар ХҮН нам сар шинийн өмнөхөн генсекээ сольж, намаа цэвэрлэсэн нь энэ аж.

 

Ийнхүү түүний хамаг “нотой” бульхай тарьсан үйлдлүүд нь илрэнгүүт намын байранд хууль бус, хулгайгаар нэвтрэн орж, тамга тэмдэгээс авахуулан бичиг цаасаа хулгайлан оджээ. Одоо түүний энэхүү хууль бус үйлдлийг намын нөхдүүд нь цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандаад байгаа гэнэ.

 

Н. Мандал