ХҮН намынхан хоёр хуваагдаж, хоёр өөр газар намын хорооны их хурлаа хийжээ. Тэдний хамгийн гол зөрчилдөөн нь С.Ганбаатарыг огцруулах болон намын генсек Доржхандыг албан тушаалаас нь буулгах аж.

Өөрөөр хэлбэл Босоо Ганбааг эсэргүүцэгчдийн бүлэгийнхэн “Т.Доржхандыг авч үлдэнэ буруугүй” хэмээж байгаа бол С.Ганбаатарын талынхан түүнийг огцруулчихсан юм байна.

Ингээд цагаан сарын битүүний өдөр нэг хэсэг нь хуралдаж, Т.Доржхандыг огцруулаад, С.Ганбаатарыг авч үлдсэн бол нөгөө хэсэг нь өчигдөр хуралдаж С.Ганбаатарыг огцруулаад, Т.Доржхандыг хэвээр үлдээсэн аж. Харин өнөөдөр бүх нийтээрээ их хурал хийнэ гэж байгаа ч С.Ганбаатарыг эсэргүүцэгчдийн бүлгийнхэн хуралд оролцохгүйгээр барахгүй хэвлэлийн хурал зарлаж, түүний талаарх шударга бус хууль зөрчсөн зүйлсийг олон нийтэд мэдээлж байгаа юм байна.

Ямартай ч С.Ганбаатарын талынхан Т.Доржхандыг огцруулах болсон шалтгаанаа дараах зүйлсээр тайлбарласан байна. Харин С.Ганбаатарыг огцруулах болсон шалтгааны талаар тэд дөнгөж сая мэдээлэл хийсэн учир бид үргэлжүүлэн мэдээлэх болно.

-Тэрээр 2007 онд өөрийн нялх биетэй эхнэр, улаан нялзрай үрээ орхиод өнгөтэй, мөнгөтэй айлд хүргэн орсон увайгүй эр. “Монро Импекс” компанийн захирал У. Уламбаярын охинтой дэр нэгтгэсэн. Ингэхдээ ирээдүйн хадам эцгийгээ хүнд өвчин тусч, ухаангүй, хэвтэрт байх үед нь хүргэн болсон.

-Т. Доржханд яг одоо ХҮН намд хийж байгаа шигээ хагалган бутаргах, өмч хөрөнгө булаалдах ажлыг гэр бүлийнх нь хүмүүсийн дунд хутган үймүүлж, гардан гүйцэтгэсэн гэдэг. У. Уламбаяр агсныг өнгөрсний дараахан түүний эхнэр, ээж аавтай нь өмч хөрөнгө хуваах эсэх дээр маргаан дэгдээж, шүүх цагдаа дээрээ тулаад байсан. Харамсалтай нь нас барсан хүний ясыг өндөлзүүлэх гутамшигт энэ ажлыг Т. Доржханд чадамгай гэгч нь зохион байгуулж, 30 гаруй жил эв түнжинтэй амьдарч ирсэн У. Уламбаяр агсны аав, О. Уртнасан, ээж С. Ямаахай болон эхнэр Р. Туяацэцэг, охин У.Сийлэн нарын хооронд хэзээ ч арилшгүй хар толбыг үлдээж, тэр гэр бүлийг хооронд нь хагаралдуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

-Тэр хаяж явсан анхны үрээ үл тоомсорлож өдийг хүртэл эцгийн үүргээ биелүүлэх нь битгий хэл нэг ч удаа харж хандаж байгаагүй.

- Сангийн яаманд 15 жил ажилласан гэдэг ч үнэн хэрэгтээ зургаан жил л ажилласан байх жишээтэй. Үүгээр дуусахгүй. ОУВСанд зөвлөх /adviser/хийж байсан гэж өөрөө хэлдэг ч үнэн хэрэгтээ зүгээр л дадлагажигч туслах байснаа хэт дөвийлгөн зөвлөх болгон намтартаа оруулсан нь мэддэг нэгэнд “ичмээр дамшиг” гэгч л болсон. Дадлага хийснээ зөвлөсөн гэж ярих нь үнэнээс даанч хол.

-ХҮН-ын экс Генсек үнэн хэрэгтээ тэр намын жагсаалтыг үнэлж, өөртөө жагсаалтын 1, 2-ыг авч, 3-ыг 5 тэрбум, 4-ийг 3 тэрбум, 5-ийг 2.5 тэрбум, 6-г 2 тэмбумаар тус тус үнэлэх саналыг анхлан өөрөө санаачилсан гэдгийг намын нөхдүүд нь илчилсэн. Ингээд үүнийгээ намаа анхнаас нь байгуулалцсан Удирдах зөвлөлийн гишүүддээ дуулгахдаа нэг нэгээр нь ганцаарчилсан уулзалт хийж, “хэрэв энэ хэмжээний мөнгө өгч чадахааргүй бол дүүргийн ИТХ рүү яв” гэдгийг тодорхой хэлдэг байж. Намын бодит үнэлгээ 2 тэрбум байсаар атал лист зарах аргаар өөртөө 20-иод тэрбум төгрөгийг зувчуулах гэсэн санаа нь сар шинийн өмнөхөн ил болж, Т. Доржхандыг суудлаас нь огцруулсан билээ. Энэ бүхнийгээ нуун дарагдуулах зорилгоор Сангийн яаманд хамт ажиллаж байсан өөрийн төрөл садангийн дүүгээрээ намын санхүүг бариулж байсан байна.

-Ийнхүү түүний хамаг “нотой” бульхай тарьсан үйлдлүүд нь илрэнгүүт намын байранд хууль бус, хулгайгаар нэвтрэн орж, тамга тэмдэгээс авахуулан бичиг цаасаа хулгайлан оджээ. Одоо түүний энэхүү хууль бус үйлдлийг намын нөхдүүд нь цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандаад байгаа гэнэ.

Н.Ганаа

Үргэлжлэл бий