Өнөөдөр Хөдөлмөрийн Үндэсний намынхан С.Ганбаатарыг огцруулж, шинэ даргаар Б.Найдалааг сонгосон тухай мэдээлэл хийлээ. Тодруулбал генсек асан Т.Доржханд Б.Найдалаа тэргүүтэй намын гишүүд хамтран мэдээлэл хийсэн юм.

Энэхүү хуралд 27 гишүүн ирсэн бол С.Ганбаатарын талд болохоор 30 гаруй гишүүн байгаа аж.

Тэдний ярьснаар ХҮН-ын төв хорооны хурал өнөөдөр хуралдаж, дөрвөн хүнийг намын даргад нэр дэвшүүлсэн бөгөөд гишүүдийн 67 хувийн саналаар Б.Найдалааг сонгосон байна. Мөн уг хуралдааны үеэр ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд тамгаа өгч, албан ёсоор ажлаас гарах хүсэлтэй өгнө гэдгээ хэллээ.

Мөн намын дарга С.Ганбаатар намын дүрэм болон холбогдох хуулийг зөрчсөн учраас түүнд хариуцлага тооцож өгөхийг хүсэж, намын төв хороонд хандсан аж.

Тэд ярихдаа “ХҮН-ын хамгийн том эрх мэдэлтэй байгууллага болох намын их хурлаас томилогдсон “Хариуцлагын ерөнхий хороо” нь намын дарга, намын дэд дарга болон намын ерөнхий нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт хийж, хариуцлага тооцох үүрэгтэй. Гэтэл С.Ганбаатар өөрийг нь хянах ёстой байгууллага болох “Хариуцлагын ерөнхий хороо”- г буулгахын тулд 02 тоот тушаал гаргаад татан буулгачихсан. Мөн үүнээс гадна ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг гадагшаа томилолтоор явсан хойгуур нь 01 тоот тушаал гаргаж, огцруулах ажлыг зохион байгуулсан учраас бид С.Ганбаатарыг намын дарга байх ёсгүй хүн хэмээн үзэж, төв хорооны хурлаар хэлэлцэж түүнийг огцруулсан юм” гэв.

Мөн мэдээллийнхээ төгсгөлд тэд ХҮН хариуцлагатай нам, өөрийнхөө намын нөхдийг дарга ч бай, гишүүн ч бай алдаа гаргавал хариуцлага тооцно. Тийм ч эрхтэй учраас дүрэм журмаа барьдаг нам байхийн төлөө бид ажиллах болно гэсэн юм.

өмнөх нийтлэлийг унших бол энд дар

Б.Элбэрэл