“Нарантуул” худалдааны төвд өнгөрcөн шөнийн 03.00 цагийн үед гал гарч Онцгой байдлын ерөнхий газарт 03.40 минутад дуудлага өгчээ. Ингээд 04.00 цагийн үед гал унтраах найман ангийн 20 орчим машинтай аврагчид ажиллаж, их галыг үүрийн 05.00 цагийн үед бүрэн унтраажээ.

Одоогоор галын дүгнэлт гараагүй бөгөөд галын шинжээчид шалтгааныг тогтоохоор шатсан бөc барааны хэcэгт ажиллаж байна. Мөн Нарантуул захын төв хаалга болон буcад хаалган дээр хамгаалалт гарч худалдаа эрхлэгч болон иргэдийг оруулахгүй бүcлэлт хийн 20 гаруй цагдаа зогcоосон байдалтай байна.

Мөн тэнд худалдаа эрхэлдэг болон хүн тээврийн микро автобуснууд, ард иргэдийн машинууд цөөн тоогоор ирсэн харагдлаа. Гал гарсан даруйд ОБЕГ-ынхан ирсэнээс гадна сэтгүүлчид болон худалдаа эрхлэгчид олноор ирсэн. Нарантуул захын түрээслэгчид яирхдаа “Гал бөс барааны хэсгээс гарч тархаад нилээд хэдэн лангууг хамарч бөс барааны хэсэг бараг бүхэлдээ шатсан. Биднийг оруулахгүй байна. Энэ газарт лангуу ажлуулдаг хүмүүс доод тал нь таван жил, зарим нь 10 гаруй жил ажиллаж байгаа. Хоёр гурван лангуутай хэдэн саяар тоологдох хөрөнгөтэй хүмүүс ч олон бий.

Гэхдээ бид одоогоор хохирлынхоо хэмжээг бүрэн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан бидний бараа үлдэгдэлгүй шатсан. Учир нь бид өглөө ирээд, орой буухдаа торго даавуу зэргээ огт авч явдаггүй, хайрцаг саванд ч хийдэггүй, хучаад л явдаг тиймээс хурдан шатсан байх. Мөн харуул хамгаалалт гэж 5-6 хүн байдаг гэсэн. Гэвч тэд дуудлага өгөөгүй. Харин урд талын Петровис компанийн ажилчид дуудлага өгсөн байна” гэж зах дээр худалдаа эрхэлдэг хүмүүс ярьсан юм.

Нарантуул захын төв хаалганаас дотогш харахад бөс барааны хэсгээс эхлэн бэлэн хувцас, гэр ахуйн барааны хэсэг ч мөн нэлэнхүйдээ галд өртсөн харагдлаа. Ямартай ч шинжээчдийн дүгнэлт гартал уг худалдааны төвийг ойрын 2-3 хоногт ажиллуулахгүй ажээ.

Б.Элбэрэл