"Төрийн түрээсийн орон сууц” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж, орон сууцгүй иргэдэд хямд үнэтэй байр түрээслүүлэх тухай яриа гараад багагүй хугацаа өнгөрлөө.

Уг нь гуравдугаар сарын 1-ээс эхлэн иргэдийг бүртгэнэ гэж байсан ч бас л хойшилчихжээ. Ер нь Засаг захиргааныхны хийж чаддаг ажил сүүлийн үед худлаа ярих болоод байгаа. Иргэдэд хүлээлт үүсгэж, ядарсан хүмүүсийг чилтэл нь зовоож байж үмх мах өгч байгаа юм шиг өчүүхэн асуудлыг шийдэж өгөх нь тэдэнд кайфтай байдаг бололтой юм.

Тэдний хэлж байгаа тайлбар нь ердөө л "Төрийн түрээсийн орон сууц”-ны хөтөлбөр хэрэгжүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага гарсан гэнэ.

Мөн үүнээс гадна байр түрээслэх хүсэлтэй 27 мянган айл өрх байгаа боловч уг хөтөлбөрөөр зөвхөн 350 байр л түрээслүүлэх юм байна. Ингэхдээ БХБЯ-аас гаргасан журмын дагуу иргэдийг долоон хэсэгт хуваасан аж.

Тухайлбал, залуу гэр бүл, төрийн болон хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 0-18 насны дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх гэх зэргээр бүлэглэсэн. Тэгэхээр эдгээр иргэдийн бичиг баримтыг эхнээс нь долоон хэсэг ангилж бүртгэнэ гэсэн үг юм.

Тогтоосон тооны хувьд “Буянт-Ухаа-2” хороололд 39,49 ам.метр талбай бүхий 350 орон сууцыг бэлтгэжээ. Мэдээж хэрэг долоон хэсэгт хуваасан хүмүүсээ орон сууцны хоёр сонголт дээр хувааж бүртгэх гэнэ. Журмын шаардлага хангасан хүмүүсийн материалыг нэг бүрчлэн шалгаж хүлээж авна гэдэг мэдээлэл өгч байгаа юм.

Үүнээс гадна түрээсийн орон сууцаа зээлээр худалдаж аваад өөрийн болгох боломжтой гэдэг зүйл иргэдийн дунд яригдаж байгаа ч ийм боломж байхгүй гэдгийг албаныхан хэлжээ. Муухайгаар хэлэхэд олон өлсгөлөн нохойны дунд яс хаяж өгч байгаа мэт маш бага зүйлийг горьдлого болгон хүлэээлгэж байж өгдөг иргэдийг зовоох ухаан зарсан тэдний ажил ийнхүү үргэлжилж байна. Тэртэй тэргүй зах зээл байгаа нөхцөлд зөвхөн Буянт Ухаагийн 350-хан орон сууцыг шахах гэж байхаар нэмээд хувийн хэвшлүүдтэй гэрээ хийж, ийм зарчмаар ажил хэрэгжүүлж уг нь болмоор л юм.

Н.Чимэг