Бага байхад “яндан хөөлөх” гэж нэг сахилгагүйтэл хүүхдүүдэд байсан санагдана. Хатуу шаардлага тавьдаг ширүүн харцтай хорооны идэвхтэн ууртай ах эгч нарын гэрийн яндан руу томхон чулуунуудыг нүүлгэж өгөөд тарж гүйцгээнэ. Гэрт нь нил хөө тортог босгож хөөрхөн чадчихаж байгаа хэрэг л дээ. Олуулаа шидэх тул онцгойлон нэг нь баригдахгүй.

Үүнтэй адил Нарантуул захыг хавар намартаа нэг галдчихдаг нь бараг уламжлал болох нь дээ. Хэн ингэж янданг нь хөөлж хөө тортог тавиад байгааг захын босс мэдэж байна л гээд байгаа.

“Хэн шатаагаад байгааг би мэдэж байна". Энэ үгийг түрүүчийн галын шуугиан дээр мөн л хэлж байсан.Телевизийн нэг бус нэвтрүүлгээр орохдоо ч шууд хэлж харагдсан. Гэхдээ гал тавьсан эзний талаар чиг гаргах зүйлийг хэлэхгүй өнгөрөөсөөр. Өнөөдөх нь өөрийг нь тоохгүй байхаар бүр эгдүүцээд дахин галдаад байгаа юм уу гэсэн хошин тайлбар ч хэлмээр болж байна.

Ер нь бол шатаагч шатаалгуулагч хоёр одоо болтол муудсан хэвээр байгаа бололтой.

Нарантуул зах дээр дахиад гал дүрэлзлээ. Үнэндээ бол Ш.Сайхансамбуу дээр гал тавиад чадад байна гэж бодоод яваа нэг ч юм уу, хэсэг хүн байгаа бололтой юм. Харин энэ нь бор зүрхээрээ амьдарч яваа жирийн иргэдийн тогооны ёроолыг цоолчихтой адил юм болчихоод байна.

“Нарантуул” худалдааны төвд 2013 оны наймдугаар сарын 23-ны үүрээр гал гарч, тус захын эзэн төдийгүй олон түрээслэгч эд хөрөнгөөрөө хохирч, нэг хүний амь эрсэдсэн. Хоёр сар орчмын дараа Дэнжийн мянгад байрлах “Нарантуул 2” зах нь мөн шатлаа.

Энэ удаа гурав дахь гал мөн л үүр шөнөөр асчээ. Бөс барааны лангуунууд эгнээгээрээ шатаж тэнд зогсдог байсан наймаачид 10-100 сая төгрөгөөр шатчихлаа гэсэн урьдчилсан гомдол дуулдаж байна.

Түрүүчийн галын хохирол үүнээс олон хүнийг хамарсан ба агуулахад байсан наймаачдын бараа ч өртсөн. Гэхдээ босс нь захынхаа наймаачдын хохирлыг өгөхгүй Алтан хатагтай шиг бултаагүй. Нүүр тулж байгаад нэг гарц олсон “мужик” гэж үнэлэгдсэн.

Энд Ш.Сайхансамбуу сайн муу гэж ярих нь эртэднэ. Тэрбээр цөөнгүй иргэдийг ажлын байр лангуу талбайгаар хангадаг. Наймаа эрхлэгчид татвар түрээсээр түүний бизнесийг тэтгэдэг. Гэхдээ түүнийг амьдрал үзсэн хар хүний хувьд наймаачдаа чангалаад байдаггүй гэдэг. Тэр хэрээрээ Нарантуул зах манай улсын орон нутагт өргөн хэрглээний бараа түгээх гол төв хэвээр байгаа. Эндээс бараа бөөний үнээр хэр хямдхан гарна хөдөө орон нутгийн иргэдэд гутал хувцас гэрийн бүрээс гээд хэрэгтэй бараа нь тэр хэрээр хямд очдог. Энд үнэ өсвөл бензиний үнэ нэмэгдсэнтэй адил үнийн өсөлт болж мэдэхээр төвлөрөл бий болсон том зах. Ийм учир энэ цуврал галыг зүгээр нэг орхичихож болохгүй сэдэв.

 

Эхний гал гарснаас хойш 2 жил илүү хугацаа өнгөрч байж битүү зах нь саяхан нээгдсэн байдаг. Шинэ лангууны найрны урилга нэгнээсээ авсан ба орлого нь илт нэмэгдсэн гэсэн яриа наймаачдын дунд өрнөж байхыг би сонсож байсан юм. Гэтэл цагаан хэл ам хүрсэн мэт дахиад гал гарчихаж.

 

Галын шалтгааныг мэргэжлийн байгууллага тогтооно. Одоо шалгаж тогтоох ажил явж байгаа тул хөндлөнгөөс оролцож чулуу татаад яахав. Ингэж явсаар нэг муу Хятад цахилгааны утас гал тавьсан болоод дуусдаг тал ч бий.

 

Ийн нуршсаны эцэст хэлэх санал бол Ш.Сайхансамбуу босс одоо шууд хэлэх хэрэгтэй. Сайн мэдээд байгаа “гал тавих хобби”-той нөхдийг олон нийтэд зарлаж энэ цуврал галд цэг тавьчихмаар. Тэгэхгүй бол таны жиргээндээ онцлон хэлснээр “зах дээр зогсч ...амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүс”-ийг тань энэ гал хөлдөө чирэхээр байна.

 

Нэгэнтээ Их хуралд сууж үзээд “Уул уурхайн гарын үсгээр баяжсан хүмүүсийн дэргэд миний бизнес ТҮЦ юм билээ” гэж хэлснийг тань нийгмийн сүлжээгээр их шэйр хийх болсон байна лээ. Тэгээд таны энэ ТҮЦ-ийг хэн шатаагаад байгаа юм бэ.

 

Мөн үл мэдэгдэх галдагчид хандаж "Нарантуул бол миний зах биш. Нарантуул бол олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр, аз жаргал буцалсан газар. Битгий амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээр тоглоод бай. Тэдний ард үр хүүхэд гэр бүл нь бий" гэсэн захын боссын үгийг давтан дамжуулья даа.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/