Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

 

Өнөө шөнө Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

 

2016 оны 3 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Увс аймагт цасан шуурга болж, зарим газарт салхины хурд 30 м/сек хүрч, цаг агаарын онц аюулт үзэгдэл боллоо. Нийт нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсантай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гамшгийн болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн сайдын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна гэж Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар хэлж байна.

 

Мөн байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас 83 хүн шуурганд төөрч, сураггүй болсныг онцгой байдлын асуудал хариуцсан эрхэлсэн байгууллагын албан хаагчид, орон нутгийн удирдлагууд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх аврах ажиллагааг явуулсны дүнд өнөөдөр 16.00 цагийн байдлаар 81 хүнийг эсэн мэнд олж, Архангай болон Баян-Өлгий аймгийн 2 хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Энэ мэт үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой байж хөдөө , орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна.

 

2016 оны 03 дугаар сарын 06-наас 03 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

6-нд зарим газраар, 7-8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 9-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 22-27 градус, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.