Өнгөрсөн оны байдлаар тэтгэврийн насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд ийм тэтгэвэр авах болзол шалгуурыг хангаагүй ахмад настнууд нийгмийн халамжийн тэтгэвэр авч байгаа аж. Тэгвэл өнгөрсөн сарын 30-нд УИХ-ын чуулганаар "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг баталсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгож байгаа даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй байгаа бол ажил, мэрэгжлийн жишиг цалинг үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохоор болжээ.

Тэтгэвэр тогтоолгох 5 жилийн дундаж цалингийн баримт олдоогүйгээс цалингүй тэтгэвэр тогтоолгон авч байгаа болон шинээр тэтгэвэр тогтоолгохоор баримт бүрдүүлж байгаа иргэдийн цалинг "Ажил мэрэгжлийн жишиг цалин"-г үндэслэн тэтгэврийг зөвхөн 1 удаа өөрчлөн тогтооно.

Энэ тохиолдолд даатгуулагч иргэний хөдөлмөрийн дэвтэр /архивын лавлагаа, шүүхийн шийдвэр/-т бичигдсэн ажиллаж байсан байгууллага, ажил мэргэжлээс хамаарч 1995 оноос өмнөх жишиг цалинг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторхи аль дуртай дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлснөөс сонгож тэтгэвэр авагчийн хүсэлт гаргасан өдрөөс хамаарч өөрчлөн тогтооно.

Харин зөвхөн нөхөн даатгалд хамрагдсан хугацаагаар тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдийн хувьд жишиг цалинг хэрэглэхгүй.

Мөн Засгийн газрын тогтоол шийдвэрээр тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг шинэчилэн баталсаны дараа тэтгэвэр авагчийн хүсэлтээр анх тэтгэвэр тогтоолгосон 5 жилийн цалинг зөвхөн нэг удаа сольж тэтгэврийг өөрчлөн тогтоож болно.

Тэтгэврээ өөрчлөн тогтоолгохоор хүсэлт гаргасан тэтгэвэр авагчийн 5 жилийн цалин хөлсний тодорхойлолтыг түүний ажиллаж байсан байгууллагын болон эсвэл архивын сан хөмрөгөөс гаргуулсан лавлагааг үндэслэх ба энэ нь тэтгэвэр тогтоолгохоос өмнөх шимтгэл төлж ажилласан сүүлийн 20 жилийн доторхи хугацааны цалин байна.

Т.Буянаа