Гурван жилийн өмнө буюу 2013 оны хоёрдугаар сард Налайхад нэгэн этгээд 24-хөн настай залууг гар буугаар 6 удаа буудаж амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан юм. Энэ хэргийг Алтансүхийн Мэндбаяр гэгч үйлдсэн байлаа. Талийгаач Эрхэмбаярын аав Мөнхжаргал хэргийн мөрөөр олон сар уйгагүй хөөцөлдсөний эцэст алуурчин А.Мэндбаяр хэргийн газарт ганцаараа байгаагүй, өөр хоёроос гурван хүнтэй хамт байсан, хар тамхи зөөж, хэрэглэдэг, М.Эрхэмбаярыг буудаж хороосон гар буу нь цагдаагийн байгууллагын данстай буу зэргийг олж илрүүлсэн гэдэг.

Гэвч Налайхад болсон шүүх хурал дээр эдгээрийг огт хайхарч үзэлгүй А.Мэндбаярыг ганцааранг нь шүүж, 25 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. А.Мэндбаяр одоо Мааньт дахь 415 дугаар ангид хоригдож байна. Түүнтэй нэг жил хоёр сар гаруй хугацаанд хамт хоригдож байгаад өнгөрсөн оны 11 дүгээр сард өршөөлөөр суллагдсан Н.Гантогтох “А.Мэндбаяр гэдэг энэ этгээд Мааньтын шоронд очсон хойноо ч хар тамхи хэрэглэдэг байсныг би сайн мэднэ. Түүнд уруу татагдаж хар тамхи хэрэглэсэн нэг хоригдол бусдыг заазуурдаж хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг ч гарсан. Би өршөөлөөр суллагдаж гарч ирээд талийгаач Эрхэмбаярын аав Мөнхжаргалыг олж уулзан Ийгл телевизээр энэ бүхнийг мэдээлсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас миний ярьсан зүйлүүдийг үгүйсгэсэнд маш их гайхаж байна. Би илүү нарийн мэдээлэл өгөхөд бэлэн байгаа” хэмээн бидэнд хандсан юм.

-Та хэдэн жил ял эдлээд өршөөгдсөн юм бэ?

-Би дөрвөн удаагийн хэргээр нийтдээ хорь гаруй жилийг шоронд өнгөрөөсөн. Хүний амь хөнөөх, хүчингийн хэрэг үйлдэхээс бусдыг бараг бүгдийг хийсэн гэх үү дээ. Мааньтын шоронд гурван удаа суулаа. Хамгийн сүүлд визийн хэргээр найман жилийн ял сонсож, таван жилийг нь Мааньтад өнгөрүүллээ. Тэнд хоригдож байхдаа би өөрийгөө их ноцтой хэргийн амьд гэрч болоод гарч ирэх юм гэж огт бодож байсангүй.

-Ямар хэргийн гэрч болов?

-Мааньтын шоронд байхдаа хар тамхины хэргийн гэрч болсон. Чанга дэглэмтэй энэ шоронд урьд нь хоригдлууд хар тамхи хэрэглэх тохиолдол огт гарч байгаагүй юм. Надтай хамт хоригдож байсан А.Мэндбаяр гэдэг ялтан ямархуу муухай сэтгэлтэй нөхөр вэ гэдгийг нүдээр харж ихээхэн жигшиж, зэвүүцлээ. А.Мэндбаяр гаднаас хар тамхи оруулж хэрэглэдэг, сурталчилдаг, хоригдлуудад хар тамхи татуулдаг байсан. Талийгаач Эрхэмбаярыг буудаж хороох үедээ тэр хар тамхи хэрэглэсэн байсныг би өөрийнх нь амнаас сонссон. Гэтэл түүний хэргийг шийдсэн шүүх хурал дээр энэ тухай ерөөсөө яригдалгүй өнгөрсөн байдаг юм билээ.

-Мааньтын чанга дэглэмтэй шорон руу хар тамхи оруулдаг байсан гэж үү. Таньд нотлох баримт байна уу?

-А.Мэндбаярын аав Алтансүх Мааньтын шоронд байгаа хүүгээ эргэж очихдоо хар тамхи оруулдаг байсан юм. А.Мэндбаяр ааваараа хар тамхи зөөлгөж байгаагаа надаас болон бусад хоригдлуудаас нууж хааж байгаагүй юм. Тэр “Миний аав Алтансүх хар тамхи хэрэглэдэг, зөөвөрлөдөг, зардаг. Аав надад хар тамхи өгдөг. Миний найз нөхөд бас хар тамхи аваад ирдэг. Тэглээ гээд би ямар аавыгаа, гэр бүлийнхнээ, найз нөхдөө илчлэлтэй биш дээ” гэж ярьж байсан. Мөн А.Мэндбаяртай түүний найз Уянга, Батбаяр нар түр болон удаан хугацаагаар уулзалт хийдэг байсан нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдох л ёстой. Надад нотлох баримт болох хар тамхиных нь хайрцаг сав зэрэг зүйлсийг нь авч гарах ямар ч боломж байгаагүй. Харин би шоронд хар тамхи, мансууруулах бодис оруулж байгаа болон түүнийг сурталчилж байгааг таслан зосоох, урьдчилан сэргийлэхийн тулд хорих ангийн ахлах төлөөлөгч ахмад Энхбат, орлогч дарга хошууч Амгаланбаатар, ээлжийн дарга ахлах дэслэгч Дэлгэрмөрөн нарт удаа дараа хэлж байлаа. Эдгээр албан тушаалтнууд тухайн үед надаас энэ талаар бичиж авсан мэдүүлэг, тодруулгуудыг хэн нэг нь устгачихаагүй бол байж л байгаа. Жирийн амьдралтай ар гэрийнхэнтэй ялтангууд хар тамхи хэрэглэдэггүй юм. Мөнгө ихтэй, чинээлэг хүмүүс л хар тамхи хэрэглэж байгааг би сайн ялгаж салгаж ойлгодог болсон.

-Та талийгаач Эрхэмбаярын аавыг урьд нь таньдаг байсан юм уу?

-Үгүй, огт таньдаггүй байсан юм. Харин шоронд байхдаа Мөнхжаргалын хүүгээ хэрхэн алдсан болон энэ гэмт хэргийг үйлдээд надтай хамт нэг өрөөнд хоригдож байсан А.Мэндбаярын талаар телевизийн нэвтрүүлгүүдийг үзээд л түүнтэй уулзахсан гэж боддог болсон байлаа. Яагаад гэхээр А.Мэндбаяр тухайн үед Налайхад Эрхэмбаярын амийг хөнөөхдөө гар буугаар түүнийг зургаан удаа буудаад сум нь дуусахад бууныхаа гохыг олон дахиж дарсан тухайгаа харамсан ярьж байсан. Тэр “Дахиад л буудаад баймаар сонин мэдрэмж төрсөн. Тухайн үед би хар тамхи хэрэглэсэн байлаа. Гэхдээ цагдаа, прокурор, шүүхийнхэн надад шинжилгээ хийгээгүй” гэсэн нь санаанаас ер гардаггүй юм. Ёстой жинхэнэ жигшүүртэй эр шүү дээ. Үүнийг нь сонсоод би зэвүү хүрч, жигшиж явсаар өршөөлөөр суллагдсаныхаа дараа Мөнхжаргалын утсыг олж яриад түүнтэй биечлэн уулзсан юм. Тэр “Би талийгаач хүүгийнхээ энэ хэргийн араас тууштай явж үнэн зөвийг олж тогтоолгоно. Монголын ард түмнийг би ямагт хүүгийнхээ дээр тавьж яваа. Надад үхэх амь, зовох зовлогоос айх юм байхгүй. Үхэн үхтэлээ тэмцэнэ. Хар тамхины хэргийг ил болгоно” гэж ярьж байсан. Үүнийг нь сонсоод би түүнтэй үзэл бодол адилхан яваа юм байна гэж бодсон. Би хэн нэгний ятгалга, хавчилгаар, эсвэл ямар нэгэн ашиг сонирхолоор энэ бүхнийг яриагүй юм шүү. Хар тамхины хэргийн талаар хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн байна. Гэхдээ би хорих ангийн хамаг болох болохгүй зүйлийг гаргаж тавих гээгүй. Худал хуурмаг зүйл надад байхгүй. Гагцхүү хар тамхитай холбоотой дээр ярьсан зүйлс болон Мөнхжаргалын гэр бүлд тохиолдсон харамсалтай явдлыг үнэн зөвөөр хянаж шийдвэрлэхийг л хүсч байгаа юм.

-Юунаас болж хүний толгой руу заазуурдсан хэрэг гарсан юм бэ. Энэ хэрэг шийдэгдсэн үү?

-Энэ хэрэг намайг Мааньтад хоригдож байхад гарсан юм. Гол нь хар тамхинаас л болсон хэрэг шүү дээ. 2015 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 5 цаг 40 минутаас 6 цаг 00 минутын хооронд чанга дэглэмтэй, хорих 415 дугаар ангийн нэгдүгээр байрны 2 давхарын 18 тоот өрөөнд ялтан Б.Даржаа нь ялтан Т.Наранбаярын толгойн арын хэсэг, нүүр, хөмсөгний дээд тал, хүзүү, гарын бугуй зэрэгт заазуурдаж хүн гэмтэл учруулсан нь үнэн. Үүнийг хэн ч үгүйсгэх аргагүй. Тухайн үед хорих ангийн орлогч дарга, төлөөлөгч, ээлжийн жижүүр, эмч нар шуурхай ажиллаж зохих арга хэмжээг авцгаасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ажлын хэсэг томилогдон ирж ажилласан юм. Гэтэл энэхүү бодит зүйлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Ийм явдал болоогүй” гэсэн тайлбар мэдээлэл хийгээд байгаа нь тун харамсалтай байна. Ийм хэрэг гарахад ялтан А.Мэндбаярын Б.Даржаад өгсөн хүчтэй мансууруулах үйлчилгээтэй хар тамхи ихээхэн нөлөөлсөн гэж би үздэг юм. А.Мэндбаярт ямар нэгэн өс хонзон санасан зүйл надад огт байхгүй. Харин энэ хэргийг шударгаар шийдээсэй л гэж хуулийн байгууллага, олон нийтэд хандаж яриад байгаа юм. Одоо хохирогч Т.Наранбаяр нь Төв аймгийн мөрдөнд, түүнийг заазуурдсан Б.Даржаа нь хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Хэргийг нь шийдээгүй байгаа гэсэн. Чанга дэглэмтэй Мааньтын хорих ангид хар тамхи, мансууруулах бодис чөлөөтэй оруулж гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж, энэ талаарх бодит мэдээллийн мөрөөр юу ч хийгдэхгүй байгаад би гүнээ харамсаж байна.

Б.Баяр

Эх сурвалж: Шуурхай.мн