Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид өнгөрсөн хоногуудад болсон байгалийн гамшгийн үеэр 600 гаруй иргэнийг осгохоос аварчээ. Онцгой байдлын албаны 150 гаруй албан хаагч, 72 техниктэйгээр үүрэг гүйцэтгэж, төөрсөн, цасанд боогдсон, автомашинтайгаа цасанд суусан, автомашин эвдэрсэн, хээр шатахуун дуусч саатсан зэрэг дуудлагаар ажиллаж нийт 638 иргэнийг осгож хөдлөх аюулаас сэргийлж аюулгүй байдлыг ханган 152 автомашиныг цаснаас татан гаргажээ. Онцгой байдлын ерөнхий газраас байгалийн гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцож, Зам тээврийн яамны сайдын шийдвэрээр бүх чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан ажилласан нь иргэдийн амь насыг авран хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ болсон гэж үзжээ.

Харамсалтай нь Баян-Өлгий аймгийн Буянт суманд иргэн Д (46 настай эмэгтэй), Говь-Алтай аймгийн Цогт суманд иргэн Ж (41 настай эмэгтэй) нар осгож нас баржээ.