Өчигдөр Таиландын олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр Монгол иргэд зэвсгийн дэлгүүр дээрэмдэхийг завдан нэг этгээд нь нас барсан талаар мэдээлсэн байна.

Харин энэхүү хэрэгт Монгол иргэд оролцоогүй болохыг Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны эх сурвалж бидэнд мэдээлсэн. Тус хэргийг Хятад пасспортой өвөр монгол иргэд үйлдсэн болохыг албаны хүмүүс мэдээлжээ.

Хэргийн талаар Таиландын интернэт сайтуудад бичихдээ, Монгол улсын дөрвөн иргэн Банкок хотын “Хятад хороолол”-ын орчимд дээрэм хийхээр галт зэвсэг худалдаалдаг дэлгүүрийн эзэдтэй буудалцаж, нэг монгол залуу амиа алдсан гэж бичжээ.Тэднийг БНХАУ-ын пасспорт эзэмшиж байсан гэсэн мэдээлэл таржээ.

Тэд дэлгүүрээс галт буу нэмж дээрэмдэн, ямар нэгэн зүйлд ашиглах гэж байсан гэж хотын цагдаа нар мэдээлсэн байна. Зэвсэглэсэн эрчүүдийг цагдаагийн хүчээр буулгаж авсан бөгөөд гурав нь маш хүнд шархтай Банкокийн эмнэлэгт хүргэгдсэн бол нэг залуу газар дээрээ өөд болжээ.

“Тэд дээрэм хийхээр дэлгүүрийг маш сайн судалж, хэдэн өдөр энэ хавиар эргэлдсэн. Гэхдээ цагдаагийнханд дэлгүүрийн эзэн ийм зүйл болох гээд байгаа тухай таамаглаж байгаагаа мэдээлснээр халдагчдыг зогсоосон” гэж Банкокийн цагдаагийн дарга Чактип Чайчинд ярьжээ.

“Тэдний зорилго буу хулгайлж, ямар нэгэн зүйлд ашиглах гэж байсан байх. Юу гэдгийг мэдэхгүй байна. Тэр хүмүүс Хятадын пасспорттой байсан ч Монгол Улсын иргэд байсан гэж баталгаатай эх сурвалж мэдээлсэн” хэмээн “Star Online” сонинд бичжээ.

Азийн хамгийн тайван бус хотын нэг Банкокт хар тамхи, зэвсэглэлийн наймаанд Монгол залуус нэр холбогдсох болсон гэж сүүлийн жилүүдэд тус улсын хэвлэлд багагүй бичигдэх болсон билээ.

Тайландын Засгийн газрын судалгаагаар жил бүр галт зэвсэгтэй холбоотой хүн амины хэрэг улам бүр өссөөр байгаа бөгөөд Сидней хотын их сургуулийн тайланд Тайландын 100 мянган хүн тутамд 3.48 галт зэвсэгтэй холбоотой аллага бүртгэгддэг нь АНУ-тай эн тэнцэх үзүүлэлт гэнэ.

Тайланд улсын дотоод явдлын яамны өгүүлснээр тус улсад 6.1 сая иргэн галт зэвсэгтэй гэсэн бүртгэл байдаг аж.

http://www.bangkokpost.com/news/crime/886772/1-dead-3-held-in-botched-gun-shop-robbery