Цагдаагийн албан хаагчид амралтын газар нэгийгээ хөнөөсөн хэрэг өнгөрсөн онд гарсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн байна. Шүүх хурал нөгөөдөр болох юм байна.

Уг хэрэгт Б.Өлзийбуянг буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 10-15 жилийн хорих ял оноох юм. Шүүх хуралдааны даргалагч шүүгчээр Н.Одонтуул, шүүгчээр Д.Бавуу, Д.Чинзориг, улсын яллагчаар Г.Энхтүвшин, Б.Тогтох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр Д.Данзандорж, Н.Цэцэгмаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Э.Ганбат, Т.Отгонбаатар, П.Еркебулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр О.Должин, шинжээч эмчээр С.Одончимэг, гэрч Л.Энхтуяа, Ж.Бат-Эрдэнэ, П.Очбадрах, Д.Мөнхбаясгалан, Б.Ган-Эрдэнэ, Р.Батсуурь, Б.Ариунаа нар оролцож байгаа юм.

Хэргийг дахин сануулбал, өнгөрсөн 2015 оны есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид Налайх дүүргийн зургаа дугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар очсон байдаг. Улмаар нэг алба хаагч амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн эхнэр гурван хүүгийн хамт амьдардаг бөгөөд хамт олондоо нэр хүндтэй, мэргэжлийн дадлага туршлагатай нэгэн байжээ. 23 жил цагдаагийн байгууллагад ажилласан, тулааны урлагаар амжилт гаргасан нэгэн байсан гэдгийг нөхөд нь дурсан ярьж байсан.

Тус хэлтсийн ажилчид хэрэг шалгаж, мөрддөггүй бичиг хэргийн ажил хийдэг оффисийн ажилчид аж. Юутай ч тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчид нэгнийхээ аминд хүрсэн нь нийгэмд багагүй цочрол үүсгэж байсан юм. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа