Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд барууны болоод дэлхийн хэмжээнд нэр алдартай хамтлаг дуучдын тоглолт "Төв цэнгэлдэх хүрээлэн"-нд  болох нь тасраад байсан юм.

         Тэгвэл энэ удаад Их  Британийн хөгжмийн дээд шагналын эзэн, залуусын зүрх сэтгэлд "Sorry Seems To Be The Hardest Word", "All Rise" "Fly By" "One Love" зэрэг олон сайхан хит дуунаараа хоногшуулж үлдээсэн алдарт BLUE хамтлаг EVENTO компанийн урилгаар Монгол улсад айлчлан тоглох нь ээ.

        2013 оны 2-р сарын 26-нд Лондон хот дахь Hammersmith Apollo театрт зөвхөн ганцхан удаа тоглохоор төлөвлөсөн тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйдаа 5 минутын дотор дуусан тул продюсерууд бүрэн хэмжээний Дэлхийг тойрох аялан тоглолт хийхээр шийдвэрлэжээ. 

        Түүний дарааханаас эхлүүлсэн BLUE хамтлагийн менежмент ба EVENTO компани хоорондын хэлэлцээр амжилттай болж 8-р сарын дундуур гэрээнд гарын үсэг зурсанаар тэдний Британи даяар эхлүүлэх нүсэр аялан тоглолтын өмнөхөн буюу 9-р сарын 14-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо тоглохоор товлогдож бэлтгэл ажлаа хэдийн эхлүүлжээ. Үүний дараагаар BLUE хамтлаг өөрсдийн албан ёсны цахим хуудас болон фэйсбүүк хуудсаараа дамжуулж Дэлхийг тойрох аялан тоглолтын нэгийг Монголд хийх болсоноо зарлаж үзэгч фэнүүдээ баярлуулсан билээ. 

    BLUE хамтлаг өөрийн амьд хөгжмийн хамтаар  ирэхээр болсон нь тоглолтыг улам үзүүштэй болгож буй хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн.

        Тоглолтыг зохион байгуулалтын хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шоу, концертийн хэв загварт нийцүүлэн өндөр түвшинд жишиг болгон зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна.

        Тухайлбал энэхүү тоглолт нь Мандал Женерал Даатгал компаниар бүрэн даатгагдаж байгаа бөгөөд BLUE хамтлагийн гишүүд болоод тоглолтын тасалбар худалдан авсан үзэгч бүхэн хамрагдан хамгаалагдаж байгаа аж.

        BLUE хамтлагийнхан менежерүүд, хөгжимчид болон бусад дагалдах хүмүүсийн хамтаар 9-р сарын

 

13-ны өдөр Улаанбаатар хотод газардана. Угтан авах фэнүүд нийгмийн сүлжээгээр холбогдож нэгдсэн зохион байгуулалттайгаар Чингэс Хаан нисэх буудлыг тэр өдөр зорино.

        Тоглолтын тасалбар дотроо чип бүхий ухаалаг картаар хийгдэж нууцлалын хувьд хамгийн өндөр түвшинд бүтээгджээ. Тоглолтын тасалбар борлуулалтыг EVENTO компани Монголд анхлан онлайнаар худалдаалж байсан бол энэ удаад ч мөн адил онлайнаар худалдан авах боломжоор хангах гэнэ.

        Тоглолтын ерөнхий зохион байгуулагч EVENTO ХХК бөгөөд Монгол Масс Медиа ХХК, On&Off продакшин хамтран зохион байгуулж байна.

        Тасалбарыг www.evento.mn, easyticket.mn, HiFi Orange Records-ийн салбаруудаар худалдаалах ба UB лавлах 1617, 1109-өөр хүргүүлэн авч болох юм байна.

        Ийнхүү гэрэл хөгжмийн гайхамшиг болсон  дэлхийн хэмжээний томоохон тоглолтыг эх орондоо найз нөхдийн хамтаар дурсамжааа хөглөн үзэх л үлдэж байна.

 








А.Баярмаа