Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж нийтийн албанд томилогдох, нэр дэвшүүлэх болон томилгоотой холбоотой шийдвэрт ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа эсэхийг хянан шалгахад зарим байгууллагуудад хууль тогтоомж зөрчих асуудал гарсаар байна.

Мөн яам, агентлагийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, тухайн байгууллагын удирдлага шинээр томилогдох бүрт тус байгууллагад улс төр, нам эвслийн хүсэл сонирхол, намын харьяалал, гишүүнчлэлийн дагуу төрийн жинхэнэ албан тушаалтныг томилох, чөлөөлөх, чиг үүргийг нь өөрчлөн шилжүүлэх зэрэг томилгоотой холбоотой шийдвэр гарч байгаа нь сонирхлын зөрчил үүсгэхэд нөлөөлж байна. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэмжээнд төрийн жинхэнэ албанд шинээр томилогдох, тухайн байгууллагын зохион байгуулалтын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орж шилжүүлэн болон сэлгэн томилох зэргээр 2015 онд 475, 2016 он гарсаар 48 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсан нь тус байгууллагад томилгоотой холбоотой шилжилт, хөдөлгөөн нэлээд гарчээ.

Иймд Авлигатай тэмцэх газрын даргын зүгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдоржид байгууллагынхаа хэмжээнд боловсон хүчин, хүний нөөц, томилгооны асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх, цаашлаад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгийг хүргүүллээ.