Хан-уул дүүрэгт байрлах “Орхон” дунд сургуулийн ахлах ангийн хоёр хүүхэд зодолдож нэгнийхээ уруулийг “хэгз” цохиод газарт унаган дэвссэн аж. Зодуулсан хүүхэд тус сургуулийн 11 дүгээр ангид сурдаг бол зодсон нь дээд анги буюу 12 дугаар ангийн сурагч байсан гэнэ. Нэгнийгээ ийн хэвтэрт ортол нь зодож эрүүл мэнд гоо сайханд нь “ноцтой” хохирол учруулж байхад тус сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнууд бид мэдэхгүй гээд хэлээд сууж байх юм гэнэ.

Ахлах ангийн сурагчид зодуулж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүгийн ар гэрийнхэн сургуулийн захиргаанд хандахад тэднийг үл тоож, хүлээж аваагүй гэнэ. Түүгээр барахгүй “Орхон” дунд сургуульд сургуулийн дотоод дүрэм журам мөрдөгдөггүй бололтой. Энэ сургуулийн дотоод журам хэзээ хаана хэнд үйлчилдэг болох нь бүрхэг гэмээр хичээлийн цагаар сургууль дотор хүүхдүүд нь бужигналдаж, бие биеэн рүүгээ галын хор цацаж тоглож явааг тайлбарлах хүн тус сургуульд алга.

12825593_899844156801440_139794672_n

“Орхон” дунд сургууль нь хувийн хэвшлийн дунд сургууль болох төдийгүй сургалтын жилийн төлбөр нь 1.8 сая төгрөг ажээ. Тус сургуульд хүүхдээ өгч байгаа эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн боловсрол, зөв сайн хүн болж төлөвшихөд нь зориулж сургуульд төлбөр төлөн суралцуулж байгаа. Гэтэл хүүхдэд нь ахлах ангийн сурагчидаа зодуулж, бүх насаараа уруул ам нь сэтэрхий явах хохирол учирчихаад байхад тэднийг харж хамгаалах үүрэгтэй багш нар нь бид мэдэхгүй хэмээн асуудлыг өөрсдөөсөө холдуулахыг хичээж байгаа нь харамсалтай.

1415752_899844146801441_1633360255_n

Сургуулийн менежер Н.Сүнжидмаа гэх эмэгтэй хохирогч хүүгийн гэр бүлийнхэнд хандаж хэлэхдээ “хүүхдүүдийн зодооныг бид мэдэхгүй хүүхдүүдийн хоорондын асуудал”, тэглээ ч манай нийгмийн ажилтан байхгүй, захирал ч ирэхгүй, завгүй байгаа хэмээн “юу ч болоогүй мэт” үл тоосон байдлаар харьцжээ.

Айлын олон арван хүүхдүүдийн сургалт хүмүүжлийн хариуцах үүрэгтэй сургуулийн нийгмийн ажилтан ингэж хэлж байгааг юу гэж ойлгох вэ?

Хүүхэддээ мэдлэг боловсрол олгуулах гэж төлбөртэй сургуульд сургасан биш нэг эцэг эх хүүхдийнхээ гоо сайхан эрүүл мэндээр хохироож, нөгөө эцэг эхийн хүү цагдаа шүүхийн хаалга татах болсон энэ хэргийг “Орхон” сургуулийнхан авч хэлэлцэхгүй байгаа нь харамсалтай.

“Орхон” дунд сургууль сурагч бүрээс сургалтын төлбөрт авдаг 1.8 сая төгрөгөөрөө сургалтын орчин нөхцлийг сайжруулах, сурагчдын дунд соёл хүмүүжлийн ажил явуулдаг байсан бол ийм хэрэг гарахгүй байсан гэж хэлэх эцэг эхчүүд олон байна.

Юутай ч эзэнгүй мэт энэ сургуулийг шалгаж хянадаг, хариуцлага тооцдог байгууллагууд гэж байна уу, эсвэл хувийн сургууль гэхлээрээ Боловсролын яам, мэргэжлийн хяналтын байгууллагын бодлого шийдвэрт хамаарахгүй өөрсдийн “дураар” үйл ажиллагаагаа явуулдаг хэрэг үү? Ийм мэт захиргаа удирдлагагүй дунд сургуулиудын үйл ажиллагааг цэгцлэхгүй бол дахин ийм хэрэг давтагдахгүй гэх баталгаа алга байна.

Х.Баяр

Ugluu-logo