Нохойн дуу ойртож байна даа. Сонгуулийн сурталчилгаа оноос өмнө хэдийнээ эхэлсэн. Өдгөө хот суурин газрыг бус хөдөө, орон нутагт хошгируулалтаа хийгээд л нөгөө нөхдүүд явж өгч байна. Сонгуулийн тухай хуулийг орогоноор нь эргүүлж, өөрсдөдөө ашигтай эргүүлэхээр зэхсэнг учир мэдэх хүмүүс эсэргүүцэж дуу хоолойгоо хүргэсэн.

Дэлхийн жишигт сонгууль болох гэж байгаа жил уг хуулиа өөрчлөх нь бүү хэл нэг үсэг ч хасаж болохгүй гэсэн хатуу дэгтэй. Гэтэл манай улсын улс төрчид цагаандаа гарч одоо л энэ хуулийг заавал өөрчлөх бол горьгүй нь ээ хэмээн зүтгэх нь явуургүй ааш.

Тэдний үйлдлээс хэрээс хэтэрч айлын үрсийг алаг үзэх, жалга довны ялгаварлан гадуурхал бол утгаа алдсан. Саяхан Хөвсгөл аймагт сургууль дээр нь хичээлтэй байх үеэр нь бэлэг сэлт тарааж сурагчдыг хооронд нь баахан талцуулсан хэрэг мандаж. Ингээд бэлэг аваагүй хүүхдүүдийн эцэг, эх унтууцахад хаанаас, хэн ямар утгатай бэлэг тараасан талаар судлахад "төрийн албан хаагчдын хүүхдэд өгч байгаа бэлэг" хэмээсэн байна.

Яахаараа хувийн байгууллага, төрийн албан хаагчаар нь ялгаж учраа мэдэхгүй хүүхдүүдэд бэлэг тараана гэж сэтгэдэг байна аа. Дэлгүүр орохоор лангуун дээрх эрээн алаг цаастай чихрээс авахыг хүсдэг үрс хажууд нь суух ангийн хүүхдэд өгч буй бэлгээс горьдож, уйлах нь ойлгомжтой. Тэр хүүхдүүд "манай аав, ээж тэр төр гэгч газар нь ажилладаг байсан бол" гэж бодсон нь гарцаагүй. Ингээд хүүхдүүдийг нь багаас нь улс төржүүлж байгаа юм. Мэдээж сонгууль ойртох тусам хачин жигтэй үйлдэл их болно. Гэхдээ хүүхдүүдийг ялгаварлаж, бэлгээр талцуулвал байвал дээргүй юу суудлын төлөө хүнээ гээсэн нөхдөө. Төрийн албан хаагчдын хүүхдүүдэд бэлэг тарааж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Саналаа өөрсдийн талдаа авах гэсэн зальжин нэгний сэдсэн арга.

БидонГанбаа, “Мигма” Анхаа гээл улс төрчдийн гуншин нэмэгдэнэ үү гэхээс хасагдахаа байсан цагт бэлгэнд умбуулснаараа сонгуульд ялчихвал мөн сайхаан. Даанч иргэд хэнийг хэн бэ? юу гэж хошгируулж байна гэдгээ ялгадаг болсонг мартаа юу та нөхдүүд. Нэг аймагт л гэхэд нэлээдгүй хэдэн нэр дэвшигчид бэл бэнчингээрээ гайхуулаад бэлэг түгээх ажлаа оны өмнөөс эхэлсэн. Тухайлбал, Баянхонгор аймагт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Тус аймгийн МАН-ын хорооны дарга Л.Элдэв-Очир, Г.Занданшатар нар үзэлцэж буй бололтой.

Д.Ганбат өнгөрсөн онд Баянхонгор аймгийн алдарт эхийн хоёрдугаар одонтой эхчүүдэд 25, нэгдүгээр одонтой эхчүүдэд 40 бидоныг бэлэглэж, хуванцар савны хэрэглээгээ багасгахад хувь нэмэр оруулж буйгаа илэрхийлсэн. Сонгуулийн бэлгээ их цэвэрхэн залруулчихсан нөхөр. Аан бас уулзалтад нь ирсэн бүх хүмүүсдээ төмөр шанага тараасан гэж байгаа бэлэнтэй аавын хүү. Тараасан бэлгээсээ болж “Бидон Ганбаа” хочтой болсон. Харин Л.Элдэв-Очир оны өмнө өөрийн хөрөг бүхий хуанли, очир нэртэй хөзөр тараасан юм гэнэ лээ. Хочтой болсон гишүүд олон тэдний жагсаалт урт болох биз. Нэгжчин Эрдэнэчимэг, Нүүрсчин О.Магнай, Нүүрсчин хочтой олон гишүүд бий. Ингээд ч болтугай санал авчихдаг бол үгүй мөн гоё оо. Даанч бэлэг, сайхан үг хоёрт сонгогчид хууртахгүй байх аа.

 

Х.Даваа