Сүүлийн үед МҮҮН гэсэн сэдэв тренд болж буй. Нэг хэсэг нь шашин биш гаж урсгал хэмээн тайлбарлаж байна. Үнэхээр хүүхэд, залуусын тархийг угааж, амьдаар нь авсанд хийж оршуулж, дахин төрүүлнэ гэдэг аймшиг, бас эмгэнэл. Эцэг, эхээсээ урваж, Солонгос өвгөнийг тахин шүтэх сэтгэлгээг суулгах гэж оролдох нь дэндүү харгис. Төрүүлж өсгөсөн эцэг эхээ үл тоож, МҮҮН эцэгтээ л бүхнийг даатга гэж байгаагаас харахад шашин гэхээсээ илүүтэйгээ гаж урсгал гэвэл илүү ойртмоор ч юм шиг. Тэгээд ч хүнийг элдэв шагнал, урамшуулал, мөнгөөр татаж байвал шашин биш, сүлжээ гэлтэй.

Манайхан үнэгүй юманд нугасгүй. Энэ сэтгэлгээ дээр нь дөрөөлж, МҮҮН-чүүд Монголд хүчээ авчээ гэж дүгнэж ч болмоор санагддаг. Даян дэлхийн энх тайван гэдэг сайхан нэртэй элдэв уулзалт, арга хэмжээ, тэтгэлэгт хөтөлбөрт, аялал, гавьяа шагналд хууртаад хуралд оролцоод, шагналыг гардаад авчихсан олны танил эрхмүүд ч цөөнгүй бололтой. Ийм нэр бүхий хүмүүс "чихэр долоолгож" татах аргад орсон гэхээр автобусныхаа мөнгийг яая гэж байгаа оюутнууд, хоногийн хоолыг дөнгөн данган залгуулдаг дорой амьдралтай айлын бяцхан хүүхдүүд хууртах нь бүүр ч аргагүй шүү дээ. Сургалтын төлбөрөө төлүүлэх гэж МҮҮН-ийн цуглаанд оролцдог байсан гэж цахим хуудаст хүмүүс сэтгэгдэлээ бичиж байна.

Төрийн хошой соёрхолт, ардын жүжигчин, Монгол түмний хайрлан хүндэлдэг Н.Жанцанноров гуай хүртэл тэр дэлхийн энхтайвны шагналыг очоод авчихсан байдаг. Өөрөө ч энэ талаар ингэж хэлбээ. Тэрээр "Надруу Цэвээнжав яриад байсан юм. Тэгээд тэр хуралд нь очиж, баярын үг хэлээд, Дэлхийн энх тайвны урлагийн дээд одонгоор шагнууллаа. Хүн шагнаж байхад авахгүй ч гэлтэй биш. Дараа нь нэг хуралд очлоо. Гэтэл МҮҮН гэдэг хүний тухай яриад эхэллээ шүү. Нэг хүн дэлхийн энхтайвныг хөгжүүлнэ гэж байхгүй гээд бултсан. Надруу зардлыг даана гадаадад болох хуралд оролц гээд зөндөө ярьж байсан" гэж үнэнээ өчжээ. Энэ эрхэм худлаа ярихгүй. Нэгэнтээ хууртснаа ч хүлээн зөвшөөрчээ. Тэгэхээр МҮҮН-ийнхэн ингэж хүмүүсийг урхиддаг байх нь.

Улстөрчид МҮҮН-ийг угтаж аваад, баяр хүргээд, гавьяа шагналыг хүртээд олон хурал зөвлөгөөнд оролцсон нь баримтаар, бичлэгээр сошиэл сүлжээгээр тарж байна.

Хашир "бурхи" гэгддэг Хууль зүйн сайдын албыг хашиж байсан, туршлагатай парламентч, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч бас мүүнчдэд уургалуулсан байхыг бодоход энэ сүлжээ Монголд сүрхий хүчээд авч, ноёрхолоо тогтоож буйг илтгэнэ.

Ц.Нямдорж мөн л нөгөө Дэлхийн энхтайвны дээд шагналыг очоод авчихаж. Ямар гавьяа байгуулсан гэж шагнаж байгаа нь анхаарал татна. Бодвол Н.Жанцанноров гуайг урхидсан шиг нэг " дэгээ" нь байж мэдэх л юм. Энэ эрхэм Мүүнчдийн дунд нэр нь орох болсондоо санаа зовж, Н.Жанцанноров руу лхагва гаригт утас цохижээ. "Яахав, өвгөөн. Энэ талаар тайлбар хийх үү, яах уу" гэж зөвлөгөө авсныг бодоход Ц.Нямдорж гишүүн ч сандарч байгаа бололтойдог.

Муу нуухаар сайн илчил гэсэн үг бий. Яаж яваад тэрхүү гавьяаны одон энгэртээ зүүж, индэр дээрээс баярын үг хэлснээ шулуухан тайлбарлачих хэрэгтэй шүү дээ. Энэ нь дараа дараагийн үеийнхэнд ч, төөрөлдөж яваа нэгэнд ч тустай.

 

Х.Тэргэл

times.mn