НӨАТ-ын хууль хэрэгжиж эхлээд гурван сар 20 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд татварын нэгдсэн системд 25,000 гаруй ААН холбогдон 28 гаруй сая төлбөрийн баримтын мэдээллийг цуглуулсан бөгөөд ebarimt.mn цахим хуудсыг 411 мянган иргэн ашиглаж өөрсдийн худалдан авалтын есөн сая гаруй баримтыг баталгаажуулжээ.

НӨАТ-ын хуулийн шинэчлэл нь иргэд НӨАТ суутган төлөгчөөс худалдан авсан бараа ажил үйлчилгээ бүртээ төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах, төлбөрийн баримтаа цуглуулж хяналт тавьсныхаа төлөө сар бүр сугалаанд оролцож азтан болох боломжийг олгосон билээ. Мөн аж ахуйн нэгжүүд тухайн урамшуулалтай баримтыг иргэдэд олгосноор бизнесийн үйл ажиллагаанд нь эерэгээр нөлөөлж байгаа юм.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн нутаг болох Нарангийн гол Улаан чулуутын хогийн цэг орчимд байх жижиг зургаан нэрийн дэлгүүр 60,000 төгрөгөөр хэвлэгч термо принтер худалдан авсан ба урд нь ашигладаггүй байсан гэрийнхээ суурин компьютертэй холбон үйлчлүүлэгчиддээ сугалаатай төлбөрийн баримт олгож байна.

Мөн энэ үеэр Гааль, татварын ерөнхий газраас заавал үнэтэй кассын машин худалдан авахыг шаардаагүй бөгөөд бараа ажил үйлчилгээ борлуулагч нар өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хямд өртөгөөр НӨАТ-ын урамшуулал бүхий төлбөрийн баримт хэвлэх боломжтойг кассын систем нийлүүлэгч нар танилцуулав. Жишээлбэл Бааз эко пос жижиг дунд худалдаа эрхлэгч нарт зориулан хялбаршуулсан кассын программ гаргасан байна. Уг програм нь интернэт орчин шаардахгүй, хэвлэгч машин хэрэглэхгүй, цаас хэрэглэхгүй зөвхөн андройд үйлдлийн системтэй ухаалаг утас байхад үйлчүүлэгчиддээ баримт олгох бөгөөд сарын төлбөр нь 5000 төгрөг юм байна. Энэ мэтчилэн хямд өртөг бүхий кассын системийн шийдлүүд бий болж байгаа бөгөөд та бүхэн кассын машины сонголтоо өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хийхийг зөвлөж байгаа юм.