Шпрот бол хамгийн алдартай элбэг тохиолддог лаазалсан загасан бүтээгдэхүүн юм. Шпрот гэдэг нь май загасны бүлэгт хамаарах загас (sprattus) ба урт нь 12 см –ээс ихгүй, 15 граммаас их жин татахгүй, голдуу Балтийн далайд амьдардаг байна.Дээхэн үед зөвхөн энэ загасыг лаазалсан Шпрот гэсэн нэрээр үйлдвэрлэж ирсэн. Өнөөдөр энэ нэрийн дор өөр төрлийн жижиг загасыг савлах болсон байна.

Үйлдвэрлэлийн технологи нь:

Загасны төрлөөс үл хамааран үйлдвэрлэх технологи нь янз бүрийн аж ахуйн нэгжүүдэд ижил байдаг тул эцсийн бүтээгдэхүүн нь адилхан гардаг. Шпротыг харахад толгойг нь авсан жижиг загасуудыг зэрэгцүүлэн өрсөн утсан амт үнэртэй байдаг.

Ерөнхий технологи:

Загасыг угааж, толгойг нь тайран тусгай утах шүүгээнд 2-3 цаг байлгана. Дараа нь тос, давс ба перцээр амтлан ариутгах автоклавт шилжүүлдэг. Эдгээрээс өөр нэмэлт технологи байх ёсгүй. Хэрэв өөр технологи нэмсэн бол жинхэнэ шпрот биш бөгөөд өөр төрлийн жижиг загасанд амт, үнэр оруулагч нэмсэн байдаг байна. Хамгийн их санаа зовоож байгаа асуудал нь загасыг утах үйл ажиллагаа юм. Загасыг утах үед хавдар үүсгэгч бодис үүсдэг гэж үздэг. Харьцангуй аюул багатай технологи нь утаанд утах ба утаа гаргах түүхий эдээр хус, царс зэрэг модны тайрдасыг ашигладаг бөгөөд шпротны мэргэжилтэнгүүд утахдаа ямар мод ашигласан болохыг ялгаж чаддаг. Жинхэнэ модны утаанд утсан уу, эсвэл “шингэн утаа” гэх мэт химийн бодис ашиглаж утсан уу гэдгийг хэрэглэгчид амтаар нь ялгах боломжгүй байдаг.

Шпротын бүтэц:

Нэг банк шпротны найрлага: шпрот загас , ургамлын тос, давс, перец байдаг.100 грамм шпротны илчлэг нь 363 ккалл, өөх тос 32.4г, уураг 17.4г. Шпротонд усанд уусдаг болон тосонд уусдаг аминдэмүүд агуулагддаг: A (0,14 мг), E (0,24 мг), B1 (0,03 мг), B2 (0,1 мг), PP (1 мг), витамин D (0,18 мг). Мөн эрдэс бодисууд натри (613 мг), кали (350 мг), кальци (300мг), фосфор (35 мг), магни (55 мг), төмөр (4,5 мг).

Шпротны ач холбогдол:

Бүхий л загасны тос, тэр тусмаа шпротонд агуулагдах тос нь үл орлох аминхүчлээр баялаг ба тосонд уусдаг А болон Е аминдэмийн гол их үүсвэр болдог. А ба Е аминдэмүүд нь антиоксидант үйлчилгээ үзүүлэх бөгөөд бие махбодийг эрт хөгшрөлт, хавдарын өвчлөлөөс сэргийлнэ. Загасны тос нь Д-аминдэмийн хамгийн сайн эх үүсвэр бөгөөд шпрот нь өөхтэй буюу тарган загасны төрөлд багтдаг. Ийм загас нь олон ханаагүй тосны хүчил агуулдаг бөгөөд тэдгээр нь цусан дахь муу холестерины хэмжээг бууруулан судас хатуурах (атеросклероз) эрсдэлийг бууруулж, зүрх судасны системийг хамгаална. Олон ханаагүй тосны хүчил нь уураг тархины үйл ажиллагааг дэмжиж, залуу насаа удаан хадгалахад тусална. Мөн ясанд нэн тустай кальци хамгийн их хэмжээтэй байдаг. Өдөр бүр 100 грамм загас хэрэглэвэл ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж чадна гэж эрдэмтэд үздэг.

Шпротны хор уршиг:

Шпротыг өдөр бүр хэрэглэж болохгүй. Шпрот нь маш их илчлэгтэй тул таргалуулах эрсдэлтэй бөгөөд биеийн жингийн асуудалтай хүмүүс хэрэглэж болохгүй. Загасны тос болон ургамлын тос нь элгэнд ачаалал өгнө, давс ихээр агуулдаг тул бөөрөнд халтай.

Шпрот нь давс их агуулдаг тул үе мөчний өвчтэй/ артрит, артроз ба подагра/ хүмүүс хэрэглэхийг хориглодог. Мөн загасны консеровд байх пурины нэгдлүүд нь үе мөчний өвчин үүсэх нэг шалтгаан болдог байна.

Шпротны гол аюул нь загасыг утах үед хавдар үүсгэгч бодис үүсдэг. Олон оронд загас уталтаас үүсэх бензопирины агууламжийн аюулгүйн түвшинг тодорхойлж, хуульчилж өгсөн байдаг.Гэвч үйлдвэрлэгчид энэ хэмжээг ихэнхидээ зөрчиж байдаг ба шошгон дээр бичсэн хэмжээ бодит агууламжтайгаа тохирохгүй байх тохиолдол байдаг. ОХУ-ын стандартаар 1 килограмм бүтээгдэхүүнд 0.001 граммаас ихгүй бензапирин агуулахыг зөвшөөрдөг бол Европын Холбоонд энэ тоо 0.005 грамм байдаг. Харин 2008 онд энэ тоог Европын Холбоотой адилтгаж 0.005 грамм болгосон. Гэвч ОХУ-ын үйлдвэрлэгчид өнөөдрийг хүртэл хуучин стандартаа хэрэглэж байна.

Нэг банк шпрот нь хавдар үүсгэгч канцероген бодисуудын агууламжаараа хэд хэдэн татсан тамхитай ижил байдаг гэсэн мэдээлэл байдаг. Өөр нэгэн мэдээллээр нэг банк шпрот нь нэг хайрцаг муу ангилалын тамхитай ижил хэмжээний канцероген бодисыг агуулдаг гэжээ. Үүнээс илүү аюултай зүйл бол “шингэн утаа” –г ашигласан консеров юм. Эмч нар шпротыг нэг долоо хоногт 1 лааз/100грамм/ -г хэрэглэхийг зөвлөдөг ба түүнээс илүү хэмжээгээр хэрэглэвэл эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үздэг.

Мөн бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, үйлдвэрлэсэн улс орон , шошгон дээрхи орц найрлага, савалгааны бүрэн бүтэн байдал, хий хуримтлагдсан эсэхийг шалгаж байхыг анхааруулж байна.Ялангуяа утсан загасыг хувь хүний гар дээрээс худалдаж авч болохгүй гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн загасыг утахдаа ямар технологи, ямар утаа хэрэглэснийг та мэдэхгүй !!!