Өнгөрсөн бүтэн сайн өдрийн сугалаагаар НӨАТ-ын 400 сая төгрөгийн азтанг тодруулсан билээ. Гэхдээ одоог хүртэл азтан ил болоогүй байгаа юм.

Тодруулбал 1-р сарын 27-ны өдөр “Оргил” худалдааны төвийн Амгалангийн салбараас худалдан авалт хийсэн хүн 400 сая төгрөгийн эзэн болсон гэх мэдээлэл байгаа ч тэрбээр одоог хүртэл өөрийнхөө баримтыг ebarimt.mn-д бүртгүүлээгүй байгаа аж.

Харин хонжворын мөнгийг НӨАТ-ын хуулийн шинэчлэлийн дагуу улсын төсөвт суусан байгаа гэнэ. Тэгэхээр хэд бол хэдийг хожих боломж байгаа

Одоогийн байдлаар НӨАТ-ын урамшууллын системээс нийтдээ 70470 азтан тодроод байгаагаас 5924 иргэнд 234 420 000 төгрөгийг Төрийн сангаас олгожээ. Хэдийгээр иргэд олноороо азтан болж байгаа ч сугалаагаар хожсон мөнгөө гар дээрээ авч буй нь цөөхөн байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийт азтануудын 10 хүрэхгүй хувь нь мөнгөө авч байгаа гэсэн тооцоо гарчээ. Үүний учрыг тайлбарлахдаа “иргэд баримтаа системд бүртгүүлэхдээ хойрго хандах, эсвэл мэдэхгүй өнгөрч байгаа” гэдэг зүйлийг албаныхан хэлж байгаа ч яг тийм тоотой азтан үнэхээр байгаа эсэхэд эргэлзээ төрөхөөр байна. Одоогоор супер азтан буюу 400 сая төгрөгийг нэг хүн, 20 сая төгрөгийг нэг, дөрвөн сая төгрөгийг 21,500 мянган төгрөгийг 226 хүн, 100 мянган төгрөгийг 2250 хүн, 20 мянга төгрөгийг 22 066 хүн хожжээ. Жилд улсын төсвөөс 22 тэрбум төгрөгийн шагналын сантай сугалаа явуулна хэмээн анх зарлаж байсан.

Өчигдрийн байдлаар нийтдээ 1.2 тэрбум төгрөгийн азтан тодорсон хэдий ч 10 хүрэхгүй хувь нь мөнгөө авчээ. 400 сая төгрөгийн азтан хэмээгээд байгаа хүн нь олдохгүй бол уг мөнгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн юм. Тухайн азтаныг 1-р сарын 27-нд Оргил худалдааны төвөөс худалдан авалт хийж азтанаар тодорсон болохыг тогтоочихсон юм бол өөрийг нь олоход тийм ч хэцүү баймааргүй л юм. Яг тухайн цагт хэдэн төгрөгөөр юу авсан. Мөн камерийн бичлэг зэрэг олох олон боломж баймаар даа.

Хэрэв тухайн хүн баримтын цаасаа хаясан бол тэгээд хохь болох уу. НӨАТ-ын баримтын тухай эл асуудлыг ажиглаад байх нь ээ мухар сүсэгт итгэдэг иргэдээ хуурч “нэг л өдөр сугалаа хожно” гэдэг хоосон горьдлого тээлгэн хүлээлт үүсгэж, цөрхүүлээд байгаа харагдах юм. Хүмүүсийн сул тал дээр тоглолт хийж, бизнесийн хэсэг бүлэглэлийг дэмжиж буй мэт энэхүү 400 сая төгрөгийн тухай асуудал чинь худалдан авалт хийвэл азтан болно хэмээх Пи-Ар уу. Хэрэв хүнийг нь олоод 400 саяа өгч чадахгүй юм бол дэлгүүрийн нэр дурдах хэрэг юу байна.

Н.Ганаа

үргэлжлэл бий...