ЦЕГ-аас УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалын асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Л.Түвшинжаргалыг суллахгүй. Харин ар гэрийнхэнтэй нь уулзуулах хүсэлтийг энэ сарын 21-нд өмгөөлөгч нь гаргасны дагуу өнөөдөр зөвшөөрлийг нь хүлээж авсан.

Тиймээс ар гэрийнхэнтэй нь уулзуулахаар болсон” гэлээ. Л.Түвшинжаргалыг Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдаж завшсан байж болзошгүй гэх хэргээр 14 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байгаа юм. Тэрбээр бага насны буюу ой 4 сартай хүүхэдтэй юм.

Хөхүүл хүүхэдтэй хүнийг хүүхэд болон ар гэрийнхэнтэй нь уулзуулсангүй гэдэг шүүмжлэлийг УИХ-ын эмэгтэй гишүүд хэлж, холбогдох хүсэлтийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон ЦЕГ-ын дарга Р.Чингис нарт гаргасны дагуу ийнхүү уулзуулахаар болжээ.