Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг СУИС-ийн Радио Телевиз Медиа урлагийн сургуультай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн ТИКА-д тавьсан хүсэлтийн дагуу мультмедиа лаборатори байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор энэхүү хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан байна. Ёслолын үйл ажиллагаанд СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн захирал Д.Одсүрэн, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн зохицуулагч ноён Вэйсэл Чифтжи болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү төслийн хүрээнд мультмедиа лаборатори байгуулахад шаардлагатай тусгай зургийн зориулалттай 16.900 ам долларын үнэ бүхий таван компьютерийг СУИС-РТМУС-д нийлүүлэх юм байна. ТИКА нь дэлхийн хөгжиж байгаа орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1992 онд байгуулагдсан. Дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин гэх мэт хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг. ТИКА-гийн гадаад оронд байгуулсан анхны найман хөтөлбөр зохицуулалтын газрын нэг болох Улаанбаатар дах Хөтөлбөр зохицуулалтын газар нь 1994 онд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл монгол улсад 450 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь нийт 27 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлсэн. 92 төсөл хөтөлбөрийг боловсролын салбарт хэрэгжүүлжээ.

Хөтөлбөрийн зохицуулагч ноён Вэйсэл Чифтжи: “Монгол улстай 1994 оноос хойш хамтарч ажиллахдаа 92 төсөл хөтөлбөрийг боловсролын салбарт хэрэгжүүлсэн. Энэ удаа ч мөн боловсролын салбарт буюу Соёл Урлагийн Их Сургуультай хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Цаашид олон ажлыг хамтарч хэрэгжүүлнэ гэж бодож байна” гэлээ.

СУИС-ийн РТМУС-ийн захирал Д.Одсүрэн: Манай сургууль дөрвөн жилийн өмнө анх Медиа анимейшн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд мэргэжлийн тоног төхөөрөмж бүхий лаборатори байгуулах гэж байгаадаа баяртай байна. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дах Хөтөлбөр зохицуулалтын ноён Вэйсэл Чифтжи-д баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. ТИКА нь мультмедиа лаборатори байгуулахад шаардлагатай таван тусгай зургийн зориулалттай компьютерийг СУИС-РТМУС-д нийлүүлж сургуулийн зүгээс анги танхимаар ханган энэхүү төсөл дээр хамтарч ажиллаж байна. Ингэснээрээ СУИС-РТМУС нь Монголын анхны мэргэжлийн мультмедиа лабораторитай сургууль болж байна. Энэхүү төслийн хүрээнд 16.900 ам.долларыг ТИКА-аас төсөвлөж байгаа юм. Сургалтын орчинг сайжруулах, медиа урлагийн салбарт хүний нөөцийг чадавхийг бэхжүүлэх нь энэхүү төслийн гол зорилго юм гэлээ.