2015 оны 11-р сард Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч арван сартай хүүхдийг хооллохдоо хэрцгийгээр зодож, загнаж байсан бичлэг цахим сүлжээгээр тархсан билээ.

Уг хэрэг болсон "Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийг түр хугацаагаар хаагаад байсан бөгөөд үйл ажиллагаа явуулах эрхийг нь бүр мөсөн цуцалжээ. Үүнтэй холбоотойгоор улсаас хүүхэд тус бүрийн тоогоор өгдөг байсан санхүүжилтийг зогсоосон байна.

Уг бичлэг 2015 оны 12-р сарын нэгний өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн байдаг. Мэргэжлийн хяналтын газраас гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Дундговь аймгийн цагдаагийн газар шалгалтын ажлыг хийж Эрүүгийн хуулийн 181.1- р зүйлд заасны дагуу яллах дүгнэлттэйгээр прокурорт шилжүүлсэн байна. Прокурорын байгууллагаас мөн яллах дүгнэлттэйгээр хэргийг Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Бага насны хүүхдийг зодсон багшийг энэ сарын 24-ны өдрийн 10 цагт шүүх байв. Гэвч шүүх хурлыг 2016 оны 04 сарын 21-ны өдрийн 10 хүртэл хойшлуулжээ. Учир нь хохирогчийн өмгөөлөгч өвчтэй болохоор ийнхүү хойшлуулсан байна.

Хэрвээ Ж.Отгөнтөгсийг шүүхээс буруутай гэж үзвэл хуульд заасны дагуу дараах байдлаар шийтгэх юм байна. Тодруулбал: Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл.Танхайрах “181.1. Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа