Хөдөлмөрийн аюулгүй байдал барилгын чанар зэрэг дээр удаа дараа зөрчил гарган, чанаргүй барилга барьж, зах зээлд нийлүүлсээр байгаа “Тайгам Алтай” компанийн зөрчил ер арилахгүй байна. Нэхэн сануулахад Нарны гүүрийн баруун талд буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Алтай хотхон”-ы барилгыг барьсан байдаг.

Тухайн үед буюу 2013 онд “Алтай хотхон”-ы орон сууцнаас худалдан авсан иргэд “метр квадратыг нь бидэнд буруу тооцоолж, байраа борлуулсан” хэмээн ШӨХТГ-т гомдол мэдүүлж байсан. Мөн тэдэнтэй хууль зөрчиж, гэрээ байгуулсан зөрчил хүртэл илэрсэн байдаг.
Харин хамгийн нийтлэг зөрчил гэвэл квадрат метр дутсан асуудал. Тус компани оршин суугчдад ханын голчоос квадрат метрээ тооцож худалдсан бол харин гэрээн дээрээ ханын дотор талаас тооцох тухай зааж өгсөн байдаг. Мөн крантнаас нь улаан өнгийн зэвтэй ус гоождог, шүүж, тунгаасан ч хоол, унданд хэрэглэх боломжгүй байсан учир уг асуудлаар тухайн үед оршин суугчид хотын СӨХ-д хүртэл гомдол мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл тус ком­­пани 47 иргэнд 166 метр квадратыг дутуу нийлүүлж нийтдээ 227 сая төгрөгийн хохирол учруулсан нь ба­римтаар тогтоогджээ. Мөн “Алтай хотхон”-ы сүүлийн ээлжийн барилгууд нэлээд чанаргүй баригдсан гэдгийг оршин суугчид хэлж байна.

Тиймээс ШӨХТГ-аас иргэдийн худалдан авсан орон сууцны м.кв дутуу талаар хяналт шалгалт явуулахад “Тайгам алтай” ХХК зөрчил гаргасан нь үнэн байсан болохыг тогтоож, ШӨХТГ-аас хэрэглэгчийн хохирол барагдуулах шаардлага хүргүүлсэн боловч албан шаардлагыг биелүүлэхгүй байсан аж. Тиймээс өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3 дахь заалтыг үндэслэн 10 сая төгрөгний торгууль ногдуулсан боловч “Тайгам алтай” ХХК ХУД-ийн шүүхэд гомдол мэдүүлж, ШӨХТГ-ын шийдвэрийг ХУД-ийн шүүгч Б.Тунгалагсайханаар хүчингүй болгуулсан байна. Ингээд болоогүй “Тайгам Алтай”-н зүгээс улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан ч тусыг олоогүй байна. Тодруулбал ШӨХТГ-аас тус компанид Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8 дахь заалтын дагуу 62 дугаар шийтгэвэрийн хуудсаар 59 сая төгрөгөөр торгоод өнгөрчээ.

Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сард МХГ-аас мөн л барилгын компаниудад хяналт шалгалт явуулж удаа дараа осол гаргаж хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон, төсвийн хөрөнгө оруулалтаар барилга, байгууламж барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг үндэслэлээр 11 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж, хүсэлтийг яаманд хүргүүлж байсан. Уг 11 компанийн нэг нь мөн л “Тайгам Алтай” байлаа.
Гэтэл саяхан гаргасан нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгын тоонд мөн л Тайгам-Алтайн барилга орсон байна.

Тодруулбал “Алтай хотхон”-ы баруун талд баригдаж буй төмөр карказан 10 давхар барилгын ажил зөрчилтэй байсан тул “зогсоох, зөрчлөө арилгах” тушаалыг өнгөрсөн оны гуравдугаар сард тус компанид хүргүүлсэн ч одоог хүртэл хариу өгөөгүй байгаа юм байна. Уг нь зөрчил нь дэндсэн иргэдийг удаа дараа хохироож, шудрага бусаар мөнгө олохын төлөө улайран зүтгэж буй барилгын компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах эрх Барилга хот байгуулалтын яаманд байдаг байна.

Гэтэл тус яам “Тайгам Алтай”-г өршөөсөөр байгаа юм. Хэнд ч үл захирагдах, хэзээ ч хамаагүй, хүссэн зөрчлөө гаргаж, иргэд, худалдан авагчдыг хохироогоод буй “Тайгам Алтай” хэний үгэнд орох вэ. Орон сууц эрэлттэй байгаа өнөө үед мөнгөний төлөө, иргэдийн эрх ашгийг зөрчиж буй барилгын компаниудыг бид нэг, нэгээр нь цуврaлаар мэдээлэх болно.

“Тайгам Алтай”-н зөрчил ч энд хүрээд дуусаагүй байгаа. Иргэд та бүхэн орон сууц, барилга байгууламж худалдан авахдаа ямар компанийн хэрхэн барьсан бүтээн байгуулалт болохыг сайтар шалгаж байх нь зүйтэй.

үргэлжлэл бий

Н.Ганаа