Саяхан нээлтээ хийгээд удаагүй байгаа “Single ladies” кино шинээр төрөн гарч буй чанартай уран бүтээлийн нэг болж чаджээ. Тус киноны найруулагчаар А.Миеэгомбо ажилласан юм.

Түүнд анх жүжигчин Г.Ундармаа кино хийх санал тавьсан байна.  Харин сэдвийн хувьд жаахан төвөгтэй санагдсан аж. Учир нь эр хүний хувьд эмэгтэй хүний дотоод мөн чанарыг  таньж мэдэн зохиолоо гаргах тийм ч амар ажил биш. Тиймээс найруулагч залуу зохиолоо гаргахын тулд эргэн тойрны эмэгтэйчүүдийн сэтгэл санааг судалжээ. Түүнчлэн олон хүнээс яриа авч, судалгаа хийж, найз охидуудаа янз янзын фактууд болсон явдлыг нь яриулж тэр дотроос алийг нь оруулж болох уу, оруулж болохгүй  гэдгийг нэг бүрчлэн ярилцаж байж санаагаа гаргасан байна.

Эмэгтэй хүмүүсийн ертөнц баян, Их олон адал явдал тохиолддог. Тэр болгоны бүгдийг багтаана гэвэл киноны маань цаг хугацаа нь хүрэлцэхгүй учраас ерөнхий гол гэсэн юмнуудаа барьж аваад ялангуяа ганц бие эмэгтэйчүүдийн амьдрал, онцлог нь юу юм бэ, яавал аз жаргалтай болох вэ гэсэн гол зангилаан дээр үндэслэж энэ бүтээлээ хийсэн гэж найруулагч нь ярьжээ