Сайн байна уу, би 33 хүрч байгаа ганц бие ээж байна. Охин маань одоо 6 хүрч байна, энэ намар сургуульд орно. Охины аав нь надтай зүгээр л гадаадад сурдаг найз охиноо хүлээх зуураа явалдаж байсныг нь жирэмсэн болсноо хэлснээр олж мэдэж байлаа.

"2-лаа салъя, наадахаа авахуулчих, үнэнээ хэлъе би хайртай хүнээ сургуулиа төгсөөд ирэхийг нь хүлээж байсан юмаа, уучлаарай" гээд л явсан даа. "хүний амь тасалж чадахгүй би ганцаараа өсгөчихөж чадна" гэж омог бардам хэлээд салсан. Яг үнэндээ ээж маань л "охиныхоо ямар ч сонголт хийсэн дэмжинэ, ялангуяа гаргана гэвэл баярлана, өсгөлцөөд өгнө" гэсэн болохоор л зоригтой шийдсэн байсан. Миний охин их хурдан хөдөлгөөнтөй, жоохон ширүүн зантай чанга дуутай ч маш ухаантай, одоо л ид юмны нарийн ширийнийг асууж шалгаадаг нас нь ирж байх шиг

- Миний аав яасан юм бэ? амьд юм уу (сайн үлэг гүрвэл гэдэг хүүхэлдэйн кинон дээр аав нь нас барчихдаг хэсгийг үзээд уйлж байхдаа)? тэгээд яагаад хайртай охинтойгоо ирж уулзахгүй байгаа юм, хаана байдаг юм бэ? Намайг санаж байгаа болов уу? гээд л хүний зүрхээр хатгуулаад нулимс гаргачихна.

Яг ч уйлахгүй л дээ, аль болох хичээж байгаад асуултуудад нь аятайхан хариулт өгөхийг хичээнэ:

- Аав нь байгаа, байлгүй яахав дээ, миний охины нэрийг аав нь өгсөн юм байхгүй юу, санаж байлгүй яахав охиноо санадаггүй аав гэж байхгүй. Аав нь нэг газар явж л байгаа байх, бид 2-ыг хайгаад л байгаа байх. Тэгж байгаад аавыгаа олноо хоёулаа, ээж нь сайн хайж байгаа гэж л хэлж нэг ёсны аргалах юм даа. Уг нь хайж байгаа гэж хариулдаг нь тэр хүнтэй огт уулзуулахгүй байж байгаад шинэ аавтай болгож өгъе гэж бодсон, бүр анхнаасаа төлөвлөсөн байсан хариулт байсан юм аа.

Гэтэл одоо нэг аавын өрөнд орчихоод дор хаяж сардаа 1-2 удаа өр нэхэгдэж байна. Тэр аав болох гээд байгаа хүн нь сураг ч алга..., ёстой эр хүний бараа огт харалгүй 7 жил болж байна. Гэтэл бүр сүүлийн үед өөртөө итгэл алдарч эхэлж байна. Хөгширч байна, таргалж байна, үрчлээтэж байна, тэрнээс гадна маш их зожиг болж байна, эрэгтэй хүн жоохон сээтэн хаяж байгааг мэдвэл уур хүрээд байдаг болж.

Ийм байгаа хүн яаж ч хүнтэй танилцаж болзоонд явах вэ дээ. Одоо яах уу, охиноо ядаж нөгөө эцэг нэртэй нөхөртөй нь уулзуулах уу Эсвэл жоохон өөрийгөө өөрчлөөд болзоонд явах гээд үзэх үү Охиноо л өрөвдөөд байх юм, аав гэдэг хүн ямар байдгийг мэдэхгүй өсөж байна.

Тэгж байгаад нэг хачин хойд эцэгтэй болчихвол яана. Тэгснээс муу ч муухай ч, дандаа хамт байхгүй ч тэр нэг юм нь дээр юм болов уу, ёстой толгой гашилчихаад байна. Бас тэгээд аав нь гээд уулзуулсан чинь хөгийн зан гаргаад уулзахгүй цаг гаргахгүй тоохгүй бол бүр хачин юм болох гээд байдаг.