Төрийн ордонд хоёр өдрийн турш үргэлжилсэн Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр хаалтаа хийсэн. Чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн бөгөөд түүнийг ийнхүү үг хэлж байх үеэр Дархан Уул аймгийн АН-ын дарга асан, эдийн засагч Л.Наранбаатар УИХ-ын дарга руу оймс шидэж эсэргүүцэл үзүүлэхээр завдсаныг хамгаалалтын албаныхан таслан зогсоожээ.

Тэрбээр энэ үеэр, "Монголын эдийн засгийг та нар дампууруулсан. Эдийн засгийг сөхрүүлсэн та нар энэ индэр дээрээс үг хэлэх эрхгүй" хэмээн орилж байсан бол хариуд нь УИХ-ын дарга З.Энхболд "Ийм өвчтэй хүмүүсийг оруулдаг юм уу. Сонгууль дөхөж байгаагийн шинж. Манайд өвчтэй хүмүүс их" гэсэн юм.