1. С.Эрдэнэ ах дүүсээрээ өөрийгөө хүрээллүүлж, төрийн ажлыг хийсээр...

Нэгэнтээ л “Чингис хаан өөрийн хамгийн ойр хүмүүсээ өөртөө шадарлуулдаг байсан” хэмээн ам гарч өөрийгөө Чингис хааны түвшинд тавьсан эрхэм бол яах аргагүй С.Эрдэнэ сайд. Тиймдээ ч Баянгол дүүрэгт төрийн мөнгөөр туйлж, төсвийн хөрөнгөөр цалинждаг бүлэглэл үүсээд байгаа нь үнэн.

Ер нь Баянгол дүүргийг “Эрдэнэ вангийн хошуу” хэмээн хошигнодог.

Шалтгаан нь тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд С.Эрдэнэ гишүүний эхнэр, охин, хүү, хүргэн, туслах, бие хамгаалагч, хамаатны хүү, бүр жолооч нь хүртэл шургалсан байгаа юм. Энэ мэтээр С.Эрдэнэ өөрийнхөө 21 хүнийг иргэдийн хуралд төлөөлөгч болгосон байна.

Тиймдээ ч БГД-ийн ИТХ 41 гишүүнтэй. 41-ийн 2 нь МАХН-ынх, 9 нь МАН-ынх, 30 нь АН-ынх юм. Харин АН-ын гишүүдийн 21 нь С.Эрдэнийн хүмүүс болохыг төлөөлөгчид нь ярьдаг. Энэ нь дээрх баримтнаас харахад батлагдахаар. С.Эрдэнийн хүмүүс зүгээр нэг иргэдийн хурлын төлөөлөгч үү гэхээр үгүй. Дүүргийн хэлтсийн дарга ч юм уу тус бүрдээ төрөөс цалинждаг ажилтай гэж байгаа. Хамгийн доод тал нь хорооны даргын албан тушаалтай.

Ийнхүү өөрийн хүрээллээ бий болгосон С.Эрдэнэ сайд сүүлдээ дүүргээ өөрийн гэр орон шиг бодож өмчирхөж эхэлсэн. Тэрээр өөрийнхөө нэртэй тойргийн байгууламж болгож 2 давхар байшин хүртэл барьж чадсан сүйхээтэй нэгэн. Тэр байтугай Баянгол дүүрэгт орших Өргөө кинотеатрын ар талын барилгууд бүгд л С.Эрдэнийх гэхэд хилсдэхгүй гэнэ. Мөн Тамираар овоглосон өөрийн эзэмшлийн дунд сургууль, зочид буудал, зоогийн газар хүртэл байдаг гэх. Ингэхээр Баянгол дүүрэг бол тэр чигтээ л С.Эрдэнэ сайдын “вант улс” болсон гэдэгтэй санал нийлэхээс өөр аргагүй аж.

2. Вант улсаа өргөтгөх бодлого буюу “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв”

Өнгөрсөн оны сүүлээр С.Эрдэнэ сайдын талаар бас нэгэн муу мэдээтэй бор шувуу нисэлдсэн. Тэрээр хүүхдийн нэр барьж “Хүүхдийн паркийн газраас хумсалсан гэнэ. Анх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв” барихаар газар өмчилсөн ч тэр тухайн зориулалтаасаа гажсан гэдэг. Гэвч өнөө “Шонхор тауэр” нь хүүхдийн гэхээсээ илүүтэй албан байгууллагуудын оффисийн байр болоод байгаа аж. Тодруулбал: Тус төрийн бус байгууллагын хаяг таурын дөрвөн давхарт нэг жижигхэн өрөөнд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн тэр өрөөнд С.Эрдэнэ сайдын удирддаг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Архангай аймгийн Хайрхан сумын нутгийн зөвлөл байрлажээ. С.Эрдэнэ сайд өөрөө Архангай аймгаар овоглодог. Тиймдээ ч нутгийнхаа зөвлөлийг хүртэл энд суурьшуулсан байх юм.

Түүнчлэн “Шонхор тауэр”-ийн нэгдүгээр давхрын Атлас хэмээх кафегаас хамар цоргим анхилуун үнэр үнэртэнэ,гуравдугаар давхарт нь зоогийн газар, харин дөрөвдүгээр давхарт нь “Төгс эрдэм сан” ТББ гэдэг хандив үзүүлдэг газрын хаяг харагдана. Хажууд нь Архангай аймгийн нутаг орны байгууллага гэсэн өөр нэг хаяг, мөн үндэсний сагсан бөмбөгийн холбоогоо дөрөвдүгээр давхарт, харин тавдугаар давхар Ардчилсан хүчний холбоо гэх С.Эрдэнэ гишүүний удирддага холбоо байрлажээ. Мөн тэндээ “Ардчилсан залуучуудын холбоо”-гоо байрлуулахаа ч мартаагүй байна. Эрхэм сайд аа, энэ ариун явдал уу. Хүүхдээр бизнес хийж, өөрийн эзэмшлийн бүх байгууллагадаа төвийн А бүсэд тэр тусмаа хүүхдийн газраас хумсалж байр барих нь төрийн сайдын хийх ажил мөн үү. Бас болоогүй үүндээс өөрийнхөө харьяалагддаг Шонхор фракцийн нэрийг өгчихсөн байх юм. Энд С.Эрдэнэ гэж хүний нэр хүндээс илүү “хүүхэд” тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийн тухай яригдаж байгаа учраас энэ асуудлыг ярьдаг, хэлдэг газрууд нь яагаад шалгуулахгүй байна вэ.

Ийнхүү Баянголоос хальж вант улсаа өргөтгөх гэсэн С.Эрдэнэ сайдын хүсэл мөрөөдөл биелэлээ олсоор... Түүний эсрэг зогсох хүчтэн одоохондоо гарч ирээгүй. Учир нь эрх баригч намын нэр сүрээр өөрийгөө давхар хамгааллуулсан С.Эрдэнэ сайдын сүр хүчний дор Монголын төр тэргүүнээ мэхийсээр байх уу.

Өөрийн эрх мэдэл хүчирхэгжихийн хэрээр вант улсынх нь хөгжил доройтож хүчээ алдаж байгааг нуух юун. Өөрийнхөө байр суурийг харьцуулаад байсан Чингис хааны “Их Монгол” улс тухайн үедээ хүчирхэгжин мандаж байсан түүхтэй. Гэтэл түүний эрхэм сайд С.Эрдэнэ сайдын шадар туслахууд өөрөөр хэлбэл идэхийн дон шүглэгсэдийн балгаар Баянгол дүүргийн хөгжил улам доройтсоор байгааг мэдэх үү. С.ЭРДЭНЭ САЙД АА.

 

 

Эх сурвалж: www.bolod.mn

Ч.МӨНХБАТ