Уржигдар АТГ-ын дарга, тэргүүн комиммсар Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.. Тэрээр 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УИХ-ын 52 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон уржигдарыг хүртэл ажилласан юм. Түүнийг өргөдлөө өгсөнтэй холбоотойгоор яг одоо Төрийн ордонд уг асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх гэж байна. Хэрвээ байнгын хорооны гишүүдийн олонх Н.Ганболдыг ажлаас чөлөөлөх асуудлыг дэмжвэл УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг хэлэлцэх юм. Харин АТГ-ын даргын суудалд суух дараагийн хүн нь Б.Хурц. Тодруулбал хувь, хувьсгалын тохироо бүрдсэн бөгөөд АТГ-ын даргаар Б.Хурц томилогдохоор болжээ. Б.Хурц нь 1969 онд Улаанбаатар хотноо төрсөн. Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, мөн Эрхүү хотын барилгын техникумыг төгссөн. 1997-1999 онд Москва хотын Эдийн засаг статистик мэдээллийн их сургууль, 1999-2000 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академид суралцаж төгссөн эдийн засагч, хууль мэргэжилтэй. Ажил мэргэжлийн хувьд 1999-2000 онд “Торгоны зам” компанийн төлөөлөгчөөр Москвад ажиллаж байсан, 2000-2002 онд ТЕГ-ын ажилтан, 2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны1 нарийн бичгийн дарга, 2004- 2005 онд Монгол Улсаас Турк улсад суугаа ЭСЯ-ны 1 нарийн бичгийн дарга, 2005-2006 онд ТЕГ-т СТГ-ын дарга, 2006-2009 “МИАТ” ХК-ийн Сөүл хот дахь Ерөнхий төлөөлөгч, 2009-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, 2010.11-2011.09 ИБУИНВУ болон ХБНГУ-ад саатуулагдаж суллагдсан, 2011 оноос АТГ-ын дэд дарга, 2014.11-р сараас өнөөдрийг хүртэл Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа юм.

Харин ажлаа өгч байгаа Н.Ганболд даргын хувьд гадагшаа элчингээр явахаар тохироо хийгдсэн байна. Ажлаа өгч байгаа шалтгаанаа тэрбээр эрүүл мэндийн шалтгаан хэмээн тайлбарласан. Элчингээр харь улсыг зорих гэж буй Н.Ганболд нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1963-1971 онд нийслэлийн 10 жилийн 20-р сургууль, 1971-1975 онд төмөр замын техникумыг дүүргэж Илчит тэрэгний техник-механикч, 1984-1988 онд ЗХУ-ын дотоод явдлын яамны дээд сургуулийг төгсөж хуульч, эрх зүйч мэргэжил тус тус эзэмшсэн бөгөөд 2001 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. 1975-1979 онд Улаанбаатар төмөр замын илчит тэрэгний депод засварчин, бригадын дарга, мастер, 1979 оны 6 дугаар сараас Төмөр замын цагдан сэргийлэх ангид сэргийлэгч, 1980 оноос эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1989 онд НАХЯ-ны Төмөр зам дахь хэлтсийн орлогч дарга, Цагдан сэргийлэх ангийн даргаар дэвшин ажиллажээ.1990-1994 онд Эрдэнэт хот дахь Цагдаагийн хэлтсийн дарга, 1994-1996 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 1996-1998 онд ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дарга бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын орлогч, 1998-2006 онд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга бөгөөд Улаанбаатар Цагдаагийн хүрээний дарга, 2006-2008 онд Тагнуулын ерөнхий газрын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, консулын хэлтсийн дарга, 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УИХ-ын 52 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон уржигдар ажлаа хүлээлгэн өгсөн.

Халаа сэлгээний дүнд Тагнуулын Ерөнхий газрын даргын суудал эзгүйрэх нь. Эзэнгүй суудалд хэн суух нь одоогоор тодорхойгүй байна.

А.Баярмаа