Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээдүүд эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээж байгаа нь сайшаалтай ч өгөө, аваатай дарга нар өдийг хүртэл оршин тогтносон хэвээр байна.
 
Өөрөөр хэлбэл, нэг суудалд егзөр болтлоо тухалсан дарга нар, эрх мэдлээ, эд хөрөнгөөр худалдаж, иргэдийн амьд явах эрхэд ноцтой халдсан тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна.
 
Дээрх үйлдлийн нэгээхэн хэсэг нь Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг дагаж буюу газар олгох түүнд нөлөөлөх эрх мэдэлтний шийдвэрээс бүрэн хамаарч байгаа нь бүр ч харамсалтай юм.
 
Ойрын жишээ татваас, анх усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэн барихаар зөвшөөрөл авсан газар дээр өдгөө оффисийн барилга сүндэрлэж, эрдэнэт хүний амь нас хөнөөгдсөн жишээг бид “Тэнгис” кино театрын хажуугийн барилгаас тольдож болно.
 
Харин өдгөө “хууль бус” тэрхүү барилгатай хаяа дэрлэн баригдаж буй барилга улсын төсөвт орох учиртай 250-н тэрбум төгрөгийг шингээсэн талаар яригдаж эхэллээ.
 
Тодруулбал, Хотын дарга, Э.Бат-Үүл Нийслэлийн газрын албаны дэд дарга Э.Ариунгэрэлийг хуулийн хэлтсийн даргаар, Үнэлгээ төлбөрийн хэлтсийн дарга Д.Дашцэцэгийг тус албан тушаалд хэвээр үлдээсэн нь завхрал, хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрсөн, иргэдэд өгсөн амлалтаасаа буцсан хэрэг гэж учир мэдэх хүмүүс дүгнэж байна.
 
Тэдний хутгалдсан гэх нэгэн баримтыг сөхвөөс, Нийслэлийн газрын албаны санхүүгийн үйл ажиллагаанд өнгөрсөн онд нэр бүхий аудитын газраас шалгалт явуулахад газрын дуудлага худалдааны анхны үнэтэй холбоотой 250 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байдаг аж.
 
Дээрх шалгалтын баримтыг Нийслэлийн удирдлагын тодорхой түвшний хүмүүс мэдсэн хэдий ч ямар нэг арга хэмжээ авсан нь тодорхойгүй дарагдсан гэгддэг байна.
Гэтэл Газрын тухай Монгол Улсын хуульд гэр бүлийн ахуйн хэрэгцээнээс бусад зориулалтаар иргэн аж, ахуй нэгжид газар олгохдоо дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай заалт байдаг.
 
Өөрөөр хэлбэл, хуулийн заалт хэрэгжээгүйн улмаас улсын төсөв 250 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. Харин Э.Ариунгэрэл гэгч нь албан тушаалаа урвуулан ашиглаж дээр дурдсан газар буюу “Тэнгис” кинотеатрын урд нийтийн эзэмшлийн талбайд өөрийн нөхөр н.Баттүвшингийн нэр дээр газар авч 10 давхар үйлчилгээний төвийн барилга барьсан байна.
 
Энэ газрыг эзэмших зөвшөөрлийг хэлэлцэх үеэр техникийн зөвлөлийн хуралд Нийслэлийн өмчийн харилцааны газрын хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл нь Ашиг сонирхлын тухай хуулийн мэдэгдэл өгөөгүй оролцсон явдал нь хууль бус үйлдлийнх нь нэгээхэн жишээ болжээ.
 
Харин Д.Дашцэцэг гэгч нь Нийслэлийн газрын албаны төлбөрийн хэлтсийн даргаар 15 жил ажилласан аж. Тэрбээр Сонгинохайрхан дүүрэгт өөрийн төрөл болох Д.Энхцэцэгийн нэр дээр 30 га газар буюу 300 мянган м.кв газар авсан баримт байх аж. Хэрэв дээрх газрыг дуудлага худалдааны үнэ төлж авсан бол багаар тооцоход төсөвт 3.9 тэрбум төгрөг төлөх ёстой байжээ.
 
 Эх сурвалж: