УИХ дахь намын бүлгүүд жижиг 76 тойрог дээр эрх ашиг нэгдсэн ч тойрог хуваах дээрээ санал зөрөлдсөн хэвээр байна. Гэвч, 28-ыг адил тэгш буюу хотод 14, хөдөөд 14 мандат гэсэн Ардчилсан намын хувилбартай байгаа. Монгол Ардын намын зүгээс 16:12 гэсэн хувилбарыг Ардчилсан намд тулгаж байгаа ч эрх баригчид нэгэнтээ энэ хувилбарыг хүлээж авахгүй нь тодорхой болсон. Энэ нь ИЗНН-ын хоёрыг нэмбэл олонх буюу 39 кноптой болж Ардчилсан намын бүлэг УИХ дээр асуудлыг шийдвэрлэж буй.

Хөдөөгийн 14 мандатыг орон нутагт хуваахдаа 80 мянгаас дээш хүн амтай аймгуудын мандатыг гурав, Говь-Алтай, Говьсүмбэр, Булган зэрэг хүн ам цөөнтэй аймгийн мандат нэгээр үлдэх аж. Мөн 50-80 мянган хүн амтай аймгийн мандатыг хоёр байлгах дээр Ардчилсан нам болон Монгол Ардын нам тохирч байгаа гэнэ. Эхний ээлжинд Сэлэнгэ, Төв, Архангай, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Увс, Хэнтийн мандат нэгээр нэмэгдэж гурав болох юм. Тэгвэл хотын 14 мандатыг хуваахдаа хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэг зургаан мандаттай болох хувилбар УИХ дээр дэмжигдэх магадлал өндөр байгаа аж.

УИХ-ын ээлжит сонгууль болоход яг нэг сар 18 хоног үлджээ. Харин намууд арав хоногийн дараа нэр дэвшигчдээ тодруулсан байх учиртай. Одоо Сонгуулийн хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор жагсаалтын 28-ыг хуваах ганцхан ажил УИХ дээр үлдээд байгаа юм.