Япон улсад албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд гэргийн хамт Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, БОНХ-ийн сайд С.Оюун, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Сумьяабазар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Японы парламент дахь Либерал Ардчилсан намын Япон-Монголын харилцааг дэмжих бүлгийн дарга М.Хаяши, Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга Х.Оцүжи болон албаны бусад хүмүүс оролцлоо.

2020 оны зуны олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулах эрх авсан Японы ард түмэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг баяр хүргээд, "Монголчуудыг ойлгож дэмждэг, ойр дотно харилцдаг хүмүүсийн төлөөлөл болсон найман нийгэмлэгийнхэн цугласан нь хоёр орны иргэд хоорондын харилцаа хэр ойртсоныг харуулж байна” гэж уулзалтад хэлсэн үгэндээ онцоллоо. Одоогоос 20 жилийн өмнө залуу улстөрчдийн хамт уригдан ирж, Япон айлд зочлон соёл заншилтай нь танилцаж байснаа тэрбээр дурсаж, өнөөдөр Ерөнхий сайдын хувиар, хоёр орны хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхээр өргөн бүрэлдэхүүнтэй айлчлан ирсэндээ таатай байгаагаа илэрхийллээ.

Ерөнхий сайдын айлчлал өнөөдөр Япон, Монголын Эдийн засгийн хорооны төлөөлөгчидтэй өглөөний цай ууснаар үргэлжилнэ. Уулзалтад Иточү корпорацийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, Сумитомо корпорацийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, Мицүбиши корпорацийн Төмөрлөг ашигт малтмалын хөрөнгө оруулалтын хэлтсийн гүйцэтгэх захирал, Мицүй корпорацийн Нүүрс, эрчим хүчний хэлтсийн захирал зэрэг бизнесийн төлөөллөөс гадна Япон улсын Эдийн засаг, үйлдвэр, худалдааны яам, Гадаад харилцааны яамны хэлтсийн дарга нар оролцсон юм.

Дараа нь Ерөнхий сайд Монгол Улсын Хөгжлийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.Энэ өдөр Ерөнхий сайдад Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны Ерөнхийлөгч Х.Окуда, ЖАЙКА-гийн ерөнхийлөгч А.Танада, Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч Х.Ёнэкура нарын хүмүүс бараалхана.Ерөнхий сайд өнөөдөр мөн “Монгол Улсын эдийн засгийн төлөв, Монгол Японы харилцаа” сэдвээр Японы Засгийн газар, парламентын гишүүд, хувийн хэвшлийнхэнд лекц унших юм.

Сонирхуулж хэлэхэд, Ерөнхий сайд энэ өдөр “Самурай бонд”-ын чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллах Японы хувийн хэвшлийнхэнтэй хийх уулзалтад оролцоно.