2016 оны 1-р сарын нэгнээс эхлэн Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль хэрэгжиж байгаа. Гэвч бэлтгэл ажил хангалтгүйн улмаас хууль бүрэн төгс хэрэгжиж чадахгүй байна. Шинэ хуулиар иргэн хүссэн эмнэлэгтээ эмчлүүлэх эрх нээгдэж байгаа. Өмнө нь эрүүл мэндийн даатгал зөвхөн харьяаллын эмнэлэгт хандахыг иргэдэд тулгадаг байв. Харин шинэ хуулиар аль үйлчилгээ сайтай, чанартай гэсэн эмнэлэгтээ сонгон үйлчлүүлэх үүдийг нээсэн. Гэвч бодит байдал дээр энэ заалт хэрэгжиж эхлээгүй.

Эмнэлгүүд менежментээ сайжруулах, үйлчилгээ орчноо таатай болгоход хөшүүрэгдэх энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн даатгалыг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай. Банкны карттай адил цахим карт ашиглаж эмнэлгийн төлбөрөө төлөх юм. Гэвч эрүүл мэндийн сайдгүй учраас цахимжуулах ажил зогссон байна.

2015 оны байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас төрийн 99 эмнэлэг, хувийн 82 эмнэлэг, 47 сувилал, 781 эмийн санд 196 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Хэрэв хууль хүчин төгөлдөр хэрэгжвэл аль чанартай үйлчилгээтэй таатай орчинтой менежмент сайтай эмнэлэгт олон үйлчлүүлэгч очиж их мөнгө очих учиртай юм.

Эмнэлгийн байгууллагын чанарыг сайжруулах чухал хууль батлагдаж бүр мөрдөгдөж эхэлсэн. Гэвч цаасан дээр мөрдөгдөж байгаа хууль 5 сарын хугацаа өнгөрсөн ч эмнэлгийн үйлчилгээнд нэвтрээгүй байна. Харин эрүүл мэндийн даатгалаас нэг хүн жилд 1.8 сая төгрөгийн үйлчилгээ авдаг эрхээ гэр бүлийн гишүүндээ шилжүүлдэг үйлчилгээ хэрэгжээд явж байна.