Улс төрийн нам дүрэмдээ өөрчлөлт оруулах болон даргаа сольж байгаа тохиолдолд Улсын дээд шүүхэд ханддаг. Үүний дагуу “Иргэний Зориг Ногоон Нам”-ын намын даргаас хасалт хийж, бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцсэн байна.

Тус нам дүрмийнхээ дагуу 3 даргатай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг нар намын даргаар ажиллаж байсан юм. Намаасаа гарсантай нь холбогдуулан С.Дэмбэрэлийг намын даргаас хасаж, бүртгэлд өөрчлөлт оруулах тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж бүртгэлээ. Ингэснээр ИЗНН С.Оюун, Ц.Ганхуяг гэсэн хоёр даргатайгаар үйл ажиллагаагаа явуулах юм.